2018 оны эхний найман сарын байдлаар Камбож улсад мансууруулах бодистой холбоотой 5145 хэрэг гарч, тэдгээрт холбогдсон нийт 10199 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн яамны Мансууруулах бодистой тэмцэх газраас мягмар гарагт мэдээлсэн байна.

Тэдгээр хүмүүсийн 5965 нь хар тамхины наймаанд оролцсон хэргээр, 4234 нь мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр тус тус баривчлагдсаны дотор гадаадын 15 орны 213 иргэн байжээ.

Дээрх сэжигтнүүдээс энэ оны 1-8 дугаар сарын хугацаанд нийт 480 гаруй килограмм героин, кокаин, шахмал хэлбэртэй метамфетамин болон кетамин, 38 килограмм хуурай марихуан хураан авсан байна.

Өнгөрсөн онд Камбожид энэ төрлийн 8173 хэрэг гарч, 17 795 хүн баривчлагдсаны зэрэгцээ 300 орчим кг мансууруулах бодисыг хураан авсан аж.

Камбож улсад мансууруулах бодис наймаалагчдад цаазын ял ногдуулдаггүй бөгөөд тус улсын хуулийн дагуу 80 гр-аас дээш хэмжээний мансууруулах бодис худалдаалсан хүнд бүх насаар нь шоронд хорих ял ногдуулдаг байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг