БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэх тухай мэдэгдэж байгаагийнх нь хариуд адил арга хэмжээ авахад бэлэн байгаагаа Хятадын эрх баригчид АНУ-д хатуу сануулжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэн байна.

“АНУ татвараа нэмэгдүүлбэл Хятадын тал хариу арга хэмжээ авна. Өөрсдийнх нь гаргасан үйлдэл харамсахаар үр дагаварт хүргэж болзошгүй учир АНУ иймэрхүү арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийнхээ өмнө нухацтай бодолцох хэрэгтэй гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлжээ. 

Шахалтыг чангатгасны хариуд эрх баригчид хариу арга хэмжээ авч болзошгүй бөгөөд худалдааны маргааныг даамжруулсныхаа төлөө АНУ хариуцлага хүлээх болно хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Есдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн шинэ татвар ногдуулна хэмээн АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг