Х.Ариунзаяа: Таагүй харилцаагаа тасалж, тааламжгүй мэдрэмж төрүүлж буй хэн нэгнээс холдож чаддаг л зоригтой бай

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Х.Ариунзаяа хэмээх өвөрмөц ертөнцтэй чөлөөт уран бүтээлч бүсгүйг зочноор онцлон урилаа. Тэрбээр пост модерн чиглэлээр зурдаг бөгөөд эмэгтэй хүний мөн чанар, эхчүүдийн дуу хоолойг нийгэмдээ хүргэхээр уран бүтээлээ туурвидаг.

Бичлэг үзэх: 



“Таагүй харилцаагаа тасалж, тааламжгүй мэдрэмж төрүүлж буй хэн нэгнээс холдож чаддаг л зоригтой байх ёстой. Яагаад ч хүчирхийллийг хүлцэн тэвчих ёсгүй. 

Хүчирхийлэл гэдэг нь зөвхөн арьс, бие дээр л үлддэг толбо биш, энэ бол зүрх сэтгэл зүсдэг насан туршийн сорви. Би хүмүүст уран бүтээлээрээ энэ бүхнийг илэрхийлэхийг хүсдэг. Магадгүй та амьдралын энэхүү нүцгэн үнэнийг олж хараагүй ч байж мэднэ” хэмээсэн тэрбээр амьдрал уран бүтээлийнхээ түүхээс ийнхүү ярьж байна. 

Би өөрчлөлт хийхийг л хүссэн… 

Би багадаа дуу цөөтэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхдээ тааруухан бүрэг хүүхэд байлаа. Аав ээждээ хэлэхийг хүсдэг ч түүнийгээ хэлж чаддаггүй. Тэд ч намайг сонсдоггүй байсан юм. Үнэнийг хэлэхэд аав ээжийг минь зодож нүдэхийг цөөнгүй удаа харснаа мартдаггүй. 

Дунд сургуулиа төгсөөд зураач болох мөрөөдөл тээж явсан ч  ээжийнхээ зөвлөснөөр гааль татварын чиглэлээр суралцахаар шийдсэн. Гэхдээ хүсэл сонирхол гэдэг хүнд баригдах эд биш. Дундаас нь орхисон, хүсэл минь зурахыг л шаардаж байлаа. Тухайн үед нэгэн айлын охинтой танилцаж нэлээд дотноссон. Түүний зурах хэв маягт суралцах нь надад зурагтай ойртох нэгэн арга байлаа. 


Гэнэт гадагшаа явж амьдрахаар шийдэхдээ намайг хуурай эгч дүүс болцгооё, хамтдаа сайхан амьдаръя, хамт явъя гэсэн санал тавьсан. Тухайн үед би өөрчлөлт хийхийг хүссэндээ хамт амьдрахаар шийдэж гадны улс орныг зорьсон. 

Нэг мэдсэн чинь л “...Тэрийг очоод цэвэрлэчих, энийг хийчих, зураг авалтад тусал, тэр хүмүүст хоолыг нь бэлдэх хэрэгтэй гээд л”...Би үйлчилгээний ажил, арын албыг даадаг хүн болсон байлаа. 

Нэгэн өдөр дэлхийгээр аялагч мотоциклтой монгол ах монголчуудыг хайж яваад миний байсан айлд хэсэг хугацаанд саатаж унаандаа засвар хийсэн юм. Тухайн үед надад “Чи дөрвөн хананы дунд хүмүүсийн хий гэснийг хийгээд л байдаг. Амьдрал ийм байдаггүй юм” гэж хэлсэн. Одоо бодоход ёгхийтэл хэлсэн үг. Гэвч тухайн үедээ ойлгоогүй. “Энэ хүмүүсийн амьдрал сайжирвал миний амьдрал сайхан болно гээд дүү нь хичээгээд явна” гэж хариулахад бодлогоширсон харцаар хараад “Миний дүү амжилт хүсье” гээд явж билээ.

Х.Ариунзаяа "Нүцгэн үнэн"

 Шидсэн аяга, шийдсэн сэтгэл 

Амьдрал дэндүү олон сонголттой. Тэгсэн байтал бид хэн нэгэнд зодуулж, дарамтлуулан амьдрахыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. 

Би өөрийнхөө амьдралдаа ийм зүйлийг харсан болохоор ч тэр юм уу хүн ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалах өөрийгөө илэрхийлэх ёстой гэж боддог. Бүсгүйчүүдэд ч хэлэхийг хүсдэг учраас энэ түүхээ хуваалцаж байна. Би тэр өдөрт талархдаг. 

Дөнгөж 20 гаруйхан насандаа танилцаж дотноссон айлынхаа охиныг яг л дүү шигээ халамжилж байв. 

Нэг удаа хоол аягалан өгтөл “Завгүй гээд байхад” гээд нүүр рүү минь шидчихсэн. Тэр аяга яг л улаан нүүрэн дундуур минь оночихсон. 

Жинхэнэ мөн чанар, нүцгэн үнэнээ харуулж байгаа нь тэр. Тэр цохилт ганц нүүрэн дундуур минь ч биш оюун санааг минь сэт татсан.  Тэр өдрийг хүртэл хүний хүнд итгэж, тэднийг өөрийн мэт хайрлаж явжээ. "Би энд юу хийж яваа билээ, Монгол руугаа явах юмсан, би өөрийн гэсэн эх оронтой хүн шүү дээ, намайг хүлээж байгаа ээж, эмээ, эгч нар байгаа" гэж бодохоос нулимс зогсохгүй урссан. 

Хар залуу насандаа хүний нутгийг зорихдоо хүнд хэт итгэсэн минь алдаа байсныг ингэж ойлгосон. Тэр даруйпаа тэндэхийн монголчуудаас Монгол руу унаа явдаг гэдгийг мэдэж тасалбар авлаа. Тасалбарын үнэ нь төсөөлж байснаас хэтэрхий бага байв. Шийдсэн цагт шийдэл олддог юм билээ.

Оройн хоолны үеэр би тэдэнд явах тухайгаа дуулгахад нүд нь орой дээрээ гартлаа гайхаж хүлээн авсан. Бүхнийг чадахгүй гэж маань үргэлж басамжилдаг тэдэнд гэнэтийн санагдсан биз ээ. Аяга шидүүлсэн өдрөөс хойш явна гэж хэлэхэд Монгол руу явах ямар ч арга саам алга гэж намайг хуурч байсан тэдэнд гэнэн надаас өөр санаа гарна гэж санаагүй биз ээ. 

Хөдөлмөрийн мөлжлөгт байснаа ч мэдээгүй өнгөрүүлсэн харамсмаар хайран арван жил шахам хугацаа надаас нэгэнт холдож урсан өнгөрчээ,харих цаг болжээ. Олон жилийн дараа нутагтаа очих гэж байгаа надад хайртай хүмүүстээ гарын бэлэг өгөхсөн гэсэн бодол л эргэлдэнэ. Хуурай дүү хэмээн худлаа дүр эсгэсэн бүсгүйн надад өгсөн дугтуйтай мөнгийг үзэхэд  500$ байлаа. Арван жилийн хөдөлмөрийн хөлс гэж бодохоос хоолой зурах хатуухан мэдрэмж хэдий ч би санаж сэрж явахаар шийдсэн нь сайн хэрэг биш гэж үү.

Намайг бүтээсэн он жилүүд 

Гадаадад урсан өнгөрсөн арван жил харамсалтай хэдий ч Ариунзаяа гэж хүнийг бүтээсэн гэж боддог. Тэр зүйл нь миний зургууд. Айлын аахар шаахар ажилд элбэлцдэг надад зураг зурах өрөө гэж мэдээж байхгүй. Тиймээс 00-ийн өрөөнд зургаа хичээнгүйлэн зурж ирсэн.

Х.Ариунзаяа "Хүч ба ухаан", Гадаадад амьдарч байсан айлынхаа нойлын өрөөнд зурж дуусгажээ.
Үзэж харсан зүйлс, хэлэхийг хүссэн бүхнээ шингээж үргэлжлүүлж зураад байлаа…Тэр минь бүтээл болчихсон байсан. Хэрвээ амьдралдаа алдаж оносон нэгэн хүн миний түүхийг уншиж байвал хурдан шиг хөл дээрээ босоорой, амьдралд заавал өөр нэгэн хаалга байдаг юм шүү гэж хэлье. 

Хоосон чемодонтай эх орондоо буусан ч үзэсгэлэнгээ гаргана гэсэн цээж дүүрэн мөрөөдөл намайг урмаар тэтгэсэн. Миний хамгийн анхны гарсан үзэсгэлэн “уначихсан” байсан хүнийг босгож ирсэн. Аль ч утгаараа. 

Миний үзэсгэлэнгийн үеэр муудалцсан хосууд эвлэрч, ээждээ сайхан үг хэлж чадаагүйдээ харамссан бүсгүй уйлж байлаа. 

Зураач нараасаа ч хувь өөрийнхөө үзэл бодлыг маш хурцаар өнгө шийдэлтэйгээр илэрхийлсэн гэж урмын үгээр тэтгүүлсэн билээ. Өнөөдрийн Ариунзаяаг бий болгоход, ийм хэмжээний хүн болгосонд нь амьдралд би талархаж явдаг. 

Х.Ариунзаяа "Нулимс"

Би өнөөдөр яагаад зураач болох гээд ингэтлээ тэмүүлж байна вэ гэхээр энэ миний доторх хүн байхгүй юу. Ариунзаяа зураач. Тийм учраас бүгдэд нь зоригтой байгаарай, зорилгодоо үнэнч байгаарай гэж хэлмээр байна. Бас хийсэн бүхэн минь хэзээ нэгэн цагт заавал шагнана аа гэж боддог.

Бичлэг үзэх: 

Сэтгэгдэл бичих (3)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.