УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 30 болгон нэмэгдүүлэх асуудлыг тусгаад буй.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Эмэгтэйчүүд эрх мэдэл, улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэх гэж 30 хувийн квотын тухай асуудлыг яриагүй. Монгол Улсын нийт хүн амын 51.3 хувь, хөдөлмөрийн насны хүмүүсийн 52.8 хувь, нийт ажиллагсдын 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нийгмийн амьдралд эмэгтэйчүүд эрчүүдтэй яг адил түвшинд оролцож байгааг судалгаагаар харуулсан байдаг. 

Дэлхийн улс орнуудын адил эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог Монгол Улс дэмждэг байхаар олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүрэг, нэгдэн орсон эрх зүйн баримт бичиг олон бий. Нөгөө талаас УИХ-аар баталсан Жендерийн тэгш байдлын тухай хууль, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенци, бусад хуулиудад тусгалаа олсон энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хэлсэн үгэндээ хүрээсэй. Шийдвэр гаргагчдын 83 хувь нь эрчүүд учраас баталсан дээрх шийдвэрүүдээ хэрэгжүүлээсэй гэсэн зорилт тавьж байна. 

Хамгийн наад зорилт бол "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030" баримт бичгийг УИХ-аар баталсан. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шийдвэр гаргагчдын түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Энэ мэт олон зорилт бий. 

2017 оны тайланд улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн 144 орноос 107 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, манай шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоо ийм доогуур байна гэсэн үзүүлэлт юм. Тэгэхээр манай улс 107 дугаарт эрэмбэлэгдэж буй энэ асуудалд дүгнэлт хийж, улс төрд оролцож, шийдвэр гаргаж буй эрчүүд уян хатан хандаасай гэсэн байдлаар өнөөдөр эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэж, алга дарам цаасан дээр 30 хувийн квотыг дэмжиж өгөөч гэсэн санал хүслээ оруулж ирж буй юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.