Аравдугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Ерөнхий Консулын газарт очихдоо амиа алдсан Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргийг мөрдөн шалгах ажлыг Саудын Арабын эрх баригчид нягт нарийн явуулахаар төлөвлөж байна. Сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт буруутай бүх хүнийг баривчилна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубейр мягмар гарагт мэдэгджээ.

“Ийм үйл явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж Саудын Арабын Гадаад бодлогын байгууллагын тэргүүн хэлснийг телевизийн “Al-Arabiya” суваг уламжилсан байна.

Саудын Арабын эрх баригчдын бодлогыг шүүмжилдгээрээ алдартай сэтгүүлч Жамаль Хашогги Истанбул хот дахь улсынхаа Ерөнхий Консулын газар аравдугаар сарын 2-нд очсоныхоо дараа алга болсон билээ. Хэд хоногийн дараа Туркийн цагдаа нар түүний сураггүй болсон хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн юм. Сэтгүүлч дипломат төлөөлөгчийн газарт маргаан сөргөлдөөний улмаас амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид аравдугаар сарын 20-нд мэдээлсэн. Тус улсын иргэн болох 18 хүнийг энэ хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж. 

Дэлхийн хамтын нийгэмлэг энэ гэмт хэргийг эрс буруушааж буйгаа илэрхийлсэн бөгөөд мөрдөн шалгалтыг ил тод шударга явуулахыг Саудын Арабын эрх баригчдад уриалсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг