Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн хоёдугаар сарын 23-ныг хүртэлх 12 хоногийн хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорионы дэглэм тогтоолоо.

Энэ хугацаанд иргэдийн хөл хөдөлгөөнийг 90 хүртэл хувиар бууруулна гэж төлөвлөжээ. Тодорхой 14 чиглэлийн байгууллага ажиллана. Иргэд эмнэлэг орохоос бусад шалтгаанаар хувийн унаагаар зорчихгүй. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй. 


Хөл хорионы үед ажиллах 14 байгууллага, тэдгээрийн ажилтан албан хаагчдын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохицуулалтыг хүргэж байна.

Дээрх хугацаанд дараах 14 салбар байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахгүй:

1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж

2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх

3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /“УБТЗ” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага

5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн Ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/

6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН

7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа

8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт

9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт

11. Банкны цахим болон автомат тооцооны машин

12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж

13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

14. Оршуулга