УОК: Хувийн машинаар зорчихыг зөвшөөрсөн байгууллагын ажилчдыг үнэмлэхийг нь үндэслэн саадгүй зорчуул

Б.Баясгалан
02 сарын 11, 2021

Нийслэл өнөөдрийн 06.00 цагаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй.

Бүх нийтийн бэлэн байдлын эхний өдөр УОК-ын дарга С.Амарсайхан хөл хорионы хязгаарлалтад авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг газар дээр нь шалгаж, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороодод ажиллав. Энэ үеэр хэв журам сахиулахаар ажиллаж буй төрийн албан хаагчид, түлш борлуулагч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хөл хориотой холбоотой тулгарч буй асуудлуудыг тодруулсан юм. 

Тус дүүргүүдэд ажиллаж буй албан хаагчдын зүгээс зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан, албан хаагчид болон эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ яаралтай авах гэж буй хүмүүсийн бичиг баримтыг үндэслэн хувийн автомашинтайгаар зорчуулж байна. Гэвч зарим иргэн тавьсан шаардлага биелүүлэхгүй, тухайн ажилладаг байгууллагынхаа тодорхойлолтгүй, бичиг баримт бүрдүүлэлт дутуу, эмнэлэгт үзүүлэх нэрийдлээр худал ярих тохиолдол гарч байгаа учраас зайлшгүй бичиг баримтыг шалгаж байгаа талаар хэллээ.

Шадар сайдын зүгээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг авах шаардлагатай болон ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолттой, зөвшөөрсөн 14 байгууллагын албан хаагчид, ажилчдыг хувийн машинаар зорчиход саад учруулахгүй байхал  анхаарч ажиллахыг  үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад сануулав.

Тэрээр бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн нөхцөл байдлыг шалгаж дуусаад, албан өрөөндөө УОК-ын Шуурхай штабын ажлын хэсгийг хуралдуулав. 

Иргэдийн зүгээс гаргасан гомдол, санал, дайчилгаанд хамрагдан ажиллаж буй төрийн албан хаагчдад тулгарсан асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албаныханд өглөө. Мөн байгууллага хоорондын ажлын уялдааг сайжруулж, УОК-оос гаргасан бодлого шийдвэрийг шат шатны байгууллагууд шуурхай хэрэгжүүлж ажиллахыг онцлоод дараах үүргийг өглөө. 

Үүнд:

- Бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагаас тогтоосон квотын хүрээнд автомашинаар зорчих шаардлагатай ажилтан албан хаагчдын бичиг баримтыг үндэслэж саадгүй зорчуулах, 

- Яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх,

- Дайчилгаанд ажиллаж буй төрийн албан хаагчдыг ажлын цагийн хуваарьт нь зохицуулалт хийх,

- Ажил үүргээ гүйцэтгэж буй албан хаагчдад үйлчилж буй нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэл өгөв.

Цаашид хариуцсан ажилдаа эзэн байж шуурхай ажиллах, өмнөх алдааг давтахгүй байхыг анхаарууллаа.

Хатуу хөл хорионы үед тодорхой 14 салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй. 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.