Гадаа налайж, өдөр уртсаад урин цагийн эхлэл хавар ирлээ. Дулааны улиралд охид бүсгүйчүүд, залуучууд ч мөн адил нимгэн хувцсаа өмсөж, биеийн галбиртаа анхаардаг. Ялангуяа удаан хугацаанд хөл хорионд байсан энэ үед бараг л хүн бүр турах тухай ярьж байна. 

Тухайлбал, сүүлийн өдрүүдэд "удахгүй дулаарч, нимгэн хувцсандаа орох юм чинь хоолоо сойж, туръя" гэсэн хүмүүстэй ихээхэн таарах боллоо. Үүнтэй холбоотойгоор хавар хоолны дэглэм барих нь зөв үү, хэрхэн хооллох нь эрүүл мэндэд тустай талаар хүргэж байна.

Хавар мацаг барьж болох уу?

Урин дулаан цаг ирж байгаа учраас бүгд хоолны дэглэм барьж, жин хасах хүсэлтэй байгаа. Тэгвэл хаврын улиралд мацаг барих нь зөв үү, буруу юу гэдэг талаар мэргэжлийн эмч нараас тодрууллаа. 


"Ариун Ар Үр" эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б. Мөнхзул 

Хаврын улиралд долоо хоногоос хэтрүүлэлгүй мацаг барьж болно. Түүнээс олон хоногоор мацаг барьвал тамирдах, ядарч сульдаж, аливаа өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Мөн хаврын улиралд хийн мөн чанартай, хэтэрхий туранхай, эцэнхий, тамир дорой хүмүүс болон хөгшин настай хүмүүс, бага насны хүүхдүүд мацаг барьж болохгүй. 

Хаврын улиралд турах гэхээсээ илүү элэг, цөс ходоодоо цэвэрлэх хэрэгтэй. Өвөл идэж хуримтлуулсан хоол тэжээлийн бохирдлоо хаврын цагт цөсөө угаах, гэдсээ цэвэрлэх зэргээр гадагшлуулж цэвэрлэснээр хүний биеийн өнгө зүс сайжирч, бие махбодийн үйл ажиллагаа идэвхжиж, хоолны шингээлт тэргүүтэй 5 цул 6 сав эрхтнийн үйл ажиллагаа сайжирдаг.

Бадамлянхуа йога төвийн багш, Уламжлалт анагаах ухааны эмч Д.Цэцгээ

Хаврын улирал нь  бадгана хайлах, улирал солигдох үе юм. Ийм учраас хүн ядрах, сульдах, нойр ихтэй болдог. Түүнчлэн дархлаа унах, ужиг өвчин сэдэрдэг. Тэгэхээр хаврын улиралд дэглэм барих биш зөв хооллох хэрэгтэй. Жишээ нь, хүмүүс өндөгний мацаг, усан мацаг, кето дэглэм гэх янз бүрийн дэглэмийн барьдаг. Энэ төрлийн дэглэмүүд нь хаврын улиралд зохимжгүй юм. Түүний оронд мах, ногоо, цагаан идээ зэрэг шим тэжээлтэй, амин дэм ихтэй хоолыг тохируулан хэрэглэх хэрэгтэй. Хэрвээ та мацаг барихыг хүсэж байгаа бол зуны тэргүүн сарын эхээр барих нь хамгийн тохиромжтой.


Хаврын улиралд ямар хоол хүнс хэрэглэх вэ

Хавар болж урин ороход ханш нээгдэж, хөлдүү байсан зүйлс хөдөлгөөнд орж салхи салхилж, хөнгөн байдал руу шилждэг энэ үед хүний биед байгаа хий гадна байгаа улирлын махбодыг дагаад хөдөлж байдаг аж. Өвөл ус хөлдөөд, хавар гэсдэгтэй адил хүний биед хайлах, царцах процесс явагддаг бөгөөд хавар бид биеийн дулаанаа арьсны нүх сүвээр алдах нь нэмэгддэг байна. 

Тэгэхээр дотор байгаа илч буурч, дулаан гадагшаа арьсаар алдагдаж эхэлж байгаа юм. Үүнийг хий хөдлөх гэдэг байна. Хий хөдөлснөөр ядрах, сульдах, нойр ихтэй болох, хуучин архаг гэм хөдлөх, биеийн тамир тэнхээ муудах, өвчинд өртөмтгий болдог байна.   

Хаврын улиралд хонины мах, борц, шөлтэй хоол, болон шар идээг түлхүү хэрэглэх шаардлагатай. Харин хоёрдугаар хоол, жимс, шарсан, хуурсан, түүхий шүүрхий хоол, бэлэн бүтээгдэхүүн зэрэг удаан шингэдэг хоол хүнснээс аль болох татгалзах шаардлагатай. Мөн ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй. 

Шар идээ гэдэг нь малаас гарах сүү, сүүн бүтээгдэхүүнийг өнгөөр нь бэлгэдэн нэрлэдэг бөгөөд шар тос, цагаан тос, арвайн гурил болон шар будаатай цай, шар тостой цай, ээзгий, бяслаг, өрөм, зөөхий, уураг, хайлмаг зэрэг идээ, ундаанууд багтана. Шар идээ нь шингэц сайтай, ходоодны галын элчийг сэлбэж, илчийг үүсгэдэг учир хаврын улиралд нэн тохиромжтой байдаг аж. 

Мөн хоол идчихээд хүйтэн зүйл идэж уух нь Монголын эрс тэрс уур амьсгалд тохирдоггүй байна. Учир нь биед авах ёстой шим тэжээл нь бүгд зогсчихдог гэнэ. Уламжлалтаар үүнийг “эс шингэх” гэдэг. Нэг ёсондоо өтгөн болох ёстой илүүдэл хоол хүнс цус руу ороод, биеийг төлжүүлж шим тэжээл болох ёстой хоол өтгөн шингэн болоод гарчихаад байна гэсэн үг юм. 


Хий, шар, бадгана гэж юу вэ?

Хүний бие махбод эрүүл байх нь хий, шар, бадгана гэсэн гурван махбодын хоорондын тэнцвэрээс хамаардаг. Эдгээр гурван махбод тэнцвэртэй байх нь нар, сарны хөдөлгөөн, цаг уур, газарзүйн байршил, улирал, идээ ундаа гэх мэт олон зүйлээс шалтгаалдаг байна. 

Хий махбод нь: Зүрх, ходоодны доод хэсэг, яс, өвчүү, хоолой, нугас, бүдүүн гэдэс, давсаг, олгой, бэлэг эрхтэн гэсэн эрхтнүүдэд оршдог. Улмаар биеийн доош чиглэлтэй гүйх ба цусыг бүх биеэр тараах, идээ ундааг шингээх, оюун ухааныг тодруулж, сэтгэлийг тогтоох, амьсгалын үйл болон өтгөн, шингэн, дуслыг гадагшлуулах үйлдэлтэй. Сэтгэл зүйн байдал хийнд шууд нөлөөлдөг гэж үздэг. Үүнээс гадна хийг тэнцвэртэй байлгахын тулд тогмол цагтаа унтаж, хооллох, биеийн онцлогтоо тааруулсан дасгал хийх хэрэгтэй аж. Уламжлалтын эмч нар “хийгээ битгий хямраа” гэдэг нь энгийнээр сэтгэл зүйгээ битгий хямраа гэж байгаатай утга нэг юм. 

Шар махбод нь: Ходоодны дунд хэсэг, элэг, цөс, зүрх, нарийн гэдэс, арьс гэсэн эрхтнүүдэд оршдог. Улмаар идээ, ундааг шингээн биеийн илч болон цусыг үүсгэх, оюун хүслийг үүсгэх, дүрсийг тодруулах, арьсны өнгийг үүсгэх ба биеийн дунд хэсэгт чиглэлтэй гүйн оршдог.

Бадган махбод нь: Ходоодны дээд хэсэг, хэл, тархи, үенд орших ба биеийг чийгшүүлэх, идээ, ундааг ялзлах, амтыг үүсгэх, 5 мэдрэхүйг удирдах, биеийн булчин шөрмөсний үйлийг хариуцах ба биеийн дээш чиглэлд оршдог байна.