Хаашаа ч хамаагүй явмаар, хайрын дуу аялмаар, сэтгэл гэгэлзээд байх нь зөвхөн сэтгэл зүйн байдлаас болж байгаа юм биш ээ.  Таны биеийн дархлаа, хүрээлэн буй орчны энерги, цагаар агаарын тогтворгүй байдал салшгүй холбоотой аж. 


Тухайлбал дэлхий дээрх бүхий л амьд бодгалиуд өвлийг даван туулахын тулд энергиэ зарцуулснаар хавар өчүүхэн бага энергитэй үлддэг.  Бид ч мөн адил. Энэ үед дархлаа суларч, ямарваа нэг өвчлөлд өртөх нь ихсэдэг байна. Тэгэхээр  хахир хаврыг ажиралгүй давж сурах шаардлага бидэнд бий гэсэн үг. Энэ сэдэв харьцангуй өргөн хүрээг хамардаг  учир тоймлон дараах дөрвөн зөвлөгөөг хүргэж байна.


Хавар цагаан будаа, тахианы махнаас татгалзалвал зохино 

Хавар зарцуулсан энергиэ нөхөж авах хамгийн энгийн арга бол илчлэгтэй хоол, хүнс идэх юм. Энэ талаар Хоол боловсруулах эрхтэн судлалын эмч, АУ-ны докторант Т. Цэрэнтогтох "Хүйтэн ундаа, ус, зайрмаг зэрэг нь энергийг нөхөх бус харин ч алдагдуулж байдаг. Монгол хүмүүс  хаврын цагт уураг, тослог, илчлэг голлон агуулсан халуун хоол, махан бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой. Эдгээр хоолонд монголын уламжлалт хоол хүнс болох шар тос, арвайн гурил, цөцгий, өрөм, ээзгий, борц зэрэг багтдаг. Харин цагаан будаа, тахиа, ямааны махнаас татгалзвал зохино" гэж зөвлөлөө. 


Түүний зөвлөсөн хооллох үедээ анхаарах дараах энгийн зүйлсийг хэрэгжүүлээрэй.



Хөлийн шагай, шилбэ, нуруу, хүйсээрээ даарч болохгүй

“Эмэгтэй  хүн, ялаа хоёр дулаарахыг андахгүй” гэх инээдтэй яриаг та сонсож байсан уу? 

Үнэхээр ч бүсгүйчүүд “Хавар ирлээ шүү , хүүхднүүдээ” гээд л  жаахан дулаарч эхлэхтэй зэрэгцэн шилэн оймс, нимгэн хувцасаа өмсөж эхэлдэг.  

Гэвч “Ганган хүүхэн хавар намар”, “Хаврын салхи хавирга нэвт”  гэх үгс дэмий зүйл огт биш аж. Манай оронд хаврын салхи хүчтэй, хүйтэн салхилдаг тул хөлийн шагай, шилбэ, нуруу, хүйсээрээ даарч болохгүй. Хэдий тухайн үедээ даарахгүй байж болох ч бага багаар энергийг тань алдагдуулж, гүн ядаргаанд хүргэх шалтгаан болдог гэнэ. Тиймээс хавар хувцас сонгохдоо загварын хэв маяг, гоё сайхан харагдах гэхээс илүүтэй дулаан байхыг бодолцож байгаарай." гэж Т.Цэрэнтогтох эмч зөвлөж байна. 


Нойроо сайн авч, чанартай унтахын эрмэлз  

Хүмүүсийн дунд хавар болохоор нойргүйдэх, эсвэл хэт их нойр хүрч нозоорч, ядрах шинж илрэх нь бий. Энэ талаар Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC эмнэлгийн их эмч, нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Дуламсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Бидний биед агуулагдах эрдэс бодис, хүнд металлын хэмжээ амьдралын чанарт нөлөөлж байдаг. Жишээлбэл Д витамин дутагдсанаар амархан ядарч бухимддаг. Иймээс аз жаргалын витамин ч гэж нэрлэдэг. Мөн Литиум дутахад хүн амархан гомдож баярладаг болдог. Хэт их дутагдвал сэтгэцэд ч нөлөөлөх аюултай. Тэгэхээр ядарч сульдаж байгаагийн цаана ямар нэг эрдсийн дутагдалтай байгаа гэдгийг мэдэх нь чухал. Түүнээс биш угаасаа уур бухимдалтай эсвэл гутранги хүн гэж байхгүй " гэсэн юм. 


Түүнчлэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн, Ахлах зэргийн сэтгэцийн эмч, Анагаах ухааны магистр Т.Мандхайгаас хэрхэн нойргүйдлээс ангижрах тухай тодрууллаа. 

Тэрбээр  "Нойргүйдлээс үүссэн шалтгаан нөхцлөөс нь хамаарч өөр өөр аргаар салж болно. Тухайлбал стрессийн гаралтай нойргүйдлийн үед стресс тайлах ур чадварт суралцах, биеийн дасгал хөдөлгөөн, амьсгалын дасгал зэргийг зөвлөдөг. Амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан нойргүйдлийн үед өдөрт хэрэглэх каффейны хэмжээг багасгах, хорт зуршлаас татгалзах, амьдралын хэв маягаа өөрчлөх тал дээр анхаарал хандуулдаг. Харин сэтгэл гутрал, сэтгэл түгшилтийн гаралтай байвал сэтгэл гутралын эсрэг эмийн эмчилгээг хавсран хийснээр нойргүйдлийг шийддэг. Нойрны эмийг дур мэдэн хэрэглэх нь олон сөрөг үр дагавартай." гэлээ.

Хаврын ядаргаа, нойргүйдлээс сэргийлэхэд туслах дараах хоол хүнсийг Т.Мандхай эмч зөвлөж байна.


Хаврын ядаргаанд өртөхгүйн тулд утастайгаа бүү найзлаарай

Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар улирал солигдож буй хамгийн чухал үе учраас хаврын цагт ядарч цульдахгүйн тулд сайн унтаж амрах, бүтэн нойртой  хонох нь дархлааны шидэт жор юм. Энэ талаар С.Мандхай эмч ийнхүү зөвлөж байна. 

“Олон хүмүүс ор бол зөвхөн унтах зориулалттай хэрэгсэл” гэдгийг мартдаг. Орондоо ороод утсаа оролдох, элдвийг бодож санаашрах, хөрвөөх зэрэг нь хэвшмэл маягаар давтагдан хийгдсээр байвал зуршил болон хувирдаг.  Тиймээс та орондоо ороод 30 минутын дотор  унтаж чадаагүй бол эргэн босох хэрэгтэй. Ингээд ном унших, бясалгал хийх, халуун усанд орох, тайвшруулах ая сонсох зэрэг нойрсоход эерэгээр нөлөөлөх аргуудыг туршиж үзэх боломжтой."  

Чанартай нойрсох, хангалттай унтах хоёр эрс ялгаатай ойлголт гэдгийг онцолсон юм. Унтаж байгаа нийт хугацаагаар хангалттай унтах хэмжээг тодорхойлдог бол нойрны чанарыг хэр сайн унтаж байгаагаар тодорхойлдог аж. 

Чанартай нойр авч байгааг илэрхийлдэг хэд хэдэн үзүүлэлт бий. Жишээлбэл, орондоо орсноос хойш 30 минутын дотор унтах, шөнийн цагаар сэрэхгүй унтах, насны бүлэгт тохирсон хэмжээгээр унтах, өглөө  амарсан эрч хүчтэйгээр сэрэх зэргээр хэмждэг байна.


Нар жаргаснаас хойш уух усны хэмжээгээ багасга

Хавар хоол хүнсэндээ анхаарахын хамт өдөр тутамдаа заавал анхаарах зүйлс бий. Хаврын улиралд бөөрнийхөө тамирыг цаашлаад биеийн дархлаагаа сулруулахгүйн тулд усны хэрэглээгээ  маш зөв зохицуулж сураарай. Энэ талаар Анагаах ухааны магистр, Уламжлалт анагаах ухааны их эмч, Б.Энхцэцэг дараах зөвлөмжийг өглөө. 

"Хавар цагт хүйтэн ус уух нь тохиромжгүй. Ингэснээр хоол ундны шингэцийг алдагдуулж, бодисын солилцоог удаашруулан биед хаван үүсгэх шалтгаан болдог. Уух усны хэмжээ цагаас шалтгаалан өөр өөр байна. Жишээ нь өглөө болгон өлөн элгэн дээрээ нэг аяга бүлээн ус уух нь эрүүл амьдралын үндэс. Үүнийг хэзээ ч бүү мартаарай. Үд дунд, нар хурц тусах үед  усаа ахиу уугаарай. Энэ үед уусан ус таны шингэний алдагдлыг нөхнө.  Өдөрт шингэний хэмжээг 100 хувь гэж үзвэл үүнийхээ 50-60 хувийг энэ цагт уух нь зохистой. 

Харин нар жаргаснаас хойш уух усны хэмжээгээ багасгана. Унтахаасаа багадаа нэг цагийн өмнө ус уух хэрэггүй. Унтахын өмнө шингэн зүйл уух нь бөөрөнд хэт ачаалал өгч, үйл ажиллагааг алдагдуулж бодисын солилцоог хямраах, нойргүйдэх шалтгаан болдог."