Тогтвортой хөгжлийг дэмжигч peak.mn сайт чихрийн шижин өвчний эрт илрүүлэг, хүндрэлээс сэргийлэх эмчилгээ, амьдралын дадал зуршлын талаар сурвалжилга бэлтгэлээ. 

Чихрийн шижин өвчнийг энгийн жишээгээр тайлбарлая. Аягатай цайнд хэд хэдэн сахар хийгээд хутгахад зунгааралдаж өтгөн болдог шүү дээ. Яг үүн шиг бидний цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр цус бага багаар өтгөрч, цусны эргэлт удааширдаг. Тэгэхээр судас хаана байна, тэр бүх эрхтэнд чихрийн шижингээс шалтгаалж хүндэрдэг. Тиймдээ ч харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэргийн цаад шалтгааны  дийлэнх хувийг чихрийн шижин эзэлж буйг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.

Бичлэг үзэх: 

    

     П.Чанцалдулам: Эрт илрүүлэгт ороогүйгээс амь насаа эрсдэлд оруулдаг

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн их эмч П.Чанцалдулам "Манай эмнэлэгт гэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд 115 хүн хөлөө тайруулсан. Үүний 70 гаруй хувь нь чихрийн шижний архаг хүндрэлээс болсон байна. 

Уг нь энэ өвчний үед ам цангах, их шээх зэрэг ерөнхий зовуурь илэрдэг ч нэг их тоохгүй, ач холбогдол өгөхгүй явсаар "Миний хараа муудаад байна, бөөр өвдөөд байна" гэж эмчид үзүүлэх үедээ л чихрийн шижний архаг хүндрэл болсноо мэддэг" гэв. 

Мөн хүмүүс цусанд нь сахар ихэссэн ч тайвширч байгаад өвчнөө хүндрүүлдэг. Гэтэл энэ хугацаанд тухайн хүнд зовиур өгөхгүй ч судас, эд эсийг нь гэмтээх аюултай. Дөнгөж эхэлж байгаа буюу чихрийн шижингийн урьдал үед сахарын хэмжээ 6.1-6.9 ммоль/л -ын хооронд байхад нь энэ өвчнийг зогсоож болно. Зарим тохиолдолд чихрийн шижингээр оношлогдсон ч амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийж, зөв хооллож, тогтмол хөдөлгөөн хийж чадвал өвчнөө хүндрүүлэхгүй байх боломжтой.

Гэвч иргэдийн хувьд тоомжиргүй хандаж, эрт илрүүлэгт хамрагдаагүйгээс хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг. Чихрийн шижин нь шүд өвдөж байгаа юм шиг огцом өвдөж, хүнийг зовоодоггүй учраас бага багаар инсулины дөжрөл явагдсаар байгаад хүндэрсэн хойно нь л мэдээд байна гэсэн үг. 

Энгийн хүмүүс бэлхүүсийнхээ тойргийн хэмжээг анхаарах хэрэгтэй. Хэвлийн тойрог эмэгтэй хүн 80 см, эрэгтэй хүн 90 см -ээс дээш хэмжээтэй бол та чихрийн шижин өвчинд өртөх магадлалтай.

Мөн танд дараах шинж тэмдэг илэрдэг бол мөн өртөх магадлалтайг анхаараарай. Үүнд:

 

                Х.АЛТАЙСАЙХАН: БӨӨРНИЙ ДУТАГДАЛ, ЗҮРХНИЙ ШИГДЭЭС БОЛГОЖ, ЭЦЭСТ НЬ ТУЛГАСНЫХАА ДАРАА ЭМНЭЛЭГТ ИРЖ БАЙНА

Хүмүүс хэзээ эмнэлэгт ирдэг вэ гэхээр хөлөө тайруулахаар болсон, нүд нь харахаа больсон, бөөр шилжүүлэн суулгах болсон, зүрхний шигдээс, тархины харвалт болсныхоо дараа эмнэлэгт ирж байна шүү дээ.

Диабетийн атласаар 20-79 насны 1000 хүн тутамд 150 чихрийн шижинтэй хүн байх магадлалтай гэсэн тооцоолол байдаг. Манай улсад 20-79 насны 2 сая 500 мянган хүн бий. Үүний 1000 тутамд нь л 150 гээд бодох юм бол манай улсад 350 мянган хүн чихрийн шижинтэй байх магадлалтай.

Зөвхөн 2022 оны 5-р сараас 2023 оны 5-р сар хүртэл 400 гаруй мянган хүн эрт илрүүлэгт хамрагдсан. Эндээс чихрийн шижинтэй 12 мянган хүн илэрсэн байна. Ингээд нийт 40 мянга гаруй хүн улсын хэмжээнд хяналтад байгаа гэсэн үг. Тэгэхээр манай оношилгоо, эрт илрүүлэг 10 хүрэхгүй хувь байна гэсэн үг. Гэтэл дэлхий нийт 2030 гэхэд эрт илрүүлэгийг 50 хувьд хүргэх зорилт тавиад байгаа.

Бид энэ өвчний 70-80 хувийг нь эзлээд байгаа чихрийн шижин хэв шинж-2 гэдгийн талаар л ярьж байгаа юм. Энэ бол урьдчилан сэргийлж болохоор өвчин байхгүй юу. Танаас өөрөөс чинь болж байгаа юм. Та л биеийн жингээ хэвийн бариад, эрүүл хооллож, идэвхтэй хөдлөөд, архи тамхи хэрэглэхгүй байвал өвдөхгүй байхгүй юу. Өвдчихсөн бол эрт илрүүлэгтээ ороод, эрт оношлуулаад, эмчийнхээ зааврыг дагаж мөрдөх ёстой байхгүй юу.

Ц.Энх-Оюун: монголчуудын дунд энэ өвчний талаарх ойлголт мэдлэг дутмаг байна

АШУҮИС-ийн НЭМС-ийн багш, АУ-ны доктор, дэд профессор, "Жаргалан" төслийн зохицуулагч Ц.Энх-Оюун "Цагаасаа эрт нас барж байгаа нас баралтын 86 хувь нь халдварт бус өвчнөөс шалтгаантай. Чихрийн шижин зонхилох дөрвөн том өвчний нэгээр нэрлэгдэж байгаа юм. Судалгаагаар монголчуудын дунд энэ өвчний талаарх ойлголт мэдлэг дутмаг байгаа нь харагддаг.
 Тухайлбал судалгаанд хамрагдсан хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг мэддэггүй гэсэн дүн гарсан. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сахарны шинжилгээг үнэ төлбөргүй тодорхойлуулах, эрт илрүүлэх боломжтой. 

Гэвч иргэд өрхийн эмнэлгийг алгасан лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хандах нь түгээмэл хэвээр байна. Энэ байдлыг арилгахын тулд нэн тэргүүнд өрхийн эмнэлгийн талаарх иргэдийн хандлагыг өөрчлөх, эмч нараа чадавхжуулах нь чухал. 

Тиймээс “Оддарьяа сан”-аас санаачлан өрхийн эмч нарыг чадавхжуулах Жаргалан төслийн хүрээнд хэрэгжих менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Лавлагаа шатлалын эмнэлэгт ажиллаж буй төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч /ментор/ нар чихрийн шижин, дислипидеми, артерийн гипертензи өвчний үед өрхийн эмнэлгийн түвшинд оновчтой тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлзүйн тохиолдлуудад зөв менежмент хийх талаар өрхийн эмч /ментий/ нарт зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн 120 өрхийн эмч хамрагдаж байгаа юм байна. Хөтөлбөрт оролцогчид халдварт бус өвчний чиглэлээр менторуудтай хамтран үзлэг хийх, эмнэлзүйн тохиолдлуудад ажиллах, профессорын сургалтад хамрагдах зэргээр ур чадвараа дээшлүүлэх, чадавхжуулах, хөгжих боломж бүрдүүлж байгаа аж. Манай peak.mn сайтын сурвалжлах баг "Жаргалан" төслийн  ХУД-ийн 1-р хорооны өрхийн эмнэлэгт зохион байгуулсан нээлттэй өдөрлөгийн үеэр очлоо.


О.Долгорсүрэн: 50-аас доош насныхан залуу хүн гайгүй биз, ажилтай амжихгүй гэж тоомжиргүй хандаж байна 

Улсын хэмжээнд эрт илрүүлгийн шинжилгээнд 18-аас дээш насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Тэгвэл өрхийн эмнэлэг дээр нөхцөл байдал ямар байгаа талаар ХУД-ийн 1 дүгээр хорооны "Мөнхбадрах" өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, Жаргалан" төслийн оролцогч /ментий/ О.Долгорсүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Өрхийн эмнэлгээс холбогдож байна. Эрт илрүүлэгтээ хамрагдаарай гэхэд залуучууд, 40 гаруй насныхан ирэх нь ховор. Өөрийгөө залуу хүн гайгүй биз, ажил ихтэй амжихгүй гэх зэргээр хойшлуулаад л байдаг. Шинжилгээнд хамрагдлаа ч цусан дахь сахарын хэмжээ анхаарах түвшинд байна шүү, ирж хяналтад орох шаардлагатай гэсэн ч жаахан л өссөн юм байна гэж тоолгүй орхидог. Ингээд холбогдож чадахгүй явсаар хэсэг хугацааны дараа ирэхэд аль хэдийн чихрийн шижинтэй болох тохиолдол цөөнгүй гарч байгаа" гэлээ. 

Ярилцлагыг дэлгэрэнгүй сонсох: 


Б.Оролмаа: эрүүл хооллох гэдгийг эмчилгээ гэж андуурч ойлгодог

Гэр бүлийнхээ хүнийг чихрийн шижний цочмог хүндрэлтэй болсон үед нь мэдсэн. Сахарын гурван сарын дундаж нь 20-25 ммол хүртэл өссөн гэж гарсан. Ингээд 2014 оноос бид хоёр чихрийн шижингээ хоолоороо зохицуулж эхэлсэн. Одоо бол бид хоёрын гурван сарын дундаж 5-6 ммол болж тогтсон. Тэгэхээр энэ бол зохицуулагдахгүй өвчин биш. Ерөөсөө цэвэр амьдралын хэмнэл, амьдралын зөв дадал зуршил.
 

Нэгэнт чихрийн шижин өвчин туссан бол хэзээ ч эдгэхгүй гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд бий. Гэхдээ хоол хүнсээ зөв сонгож, тохирсон цагт нь идэж хэвшвэл цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн хэмжээнд нь барих боломжтой гэнэ. Энэ талаар хоол зүйч Б.Оролмаатай ярилцлаа.

-Чихрийн шижингээр өвдсөн бол насан туршдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталж, сахилга баттай байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Чихрийн шижин өвчин 100 хувь эмчлэгддэг өвчин биш. Эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийж, эмийн эмчилгээг хослуулах нь үүсэх хүндрэлүүдээс нь сэргийлэх боломжтой.
-Хоолны асуудал дээр чихрийн шижинтэй хүмүүс ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ?

-Ажиглаад байхад чихрийн шижинтэй хүмүүс эхэндээ хоолондоо нэлээд анхаарч байснаа сүүлдээ дэглэмээ алдаж өвчнөө улам даамжруулчихдаг.  

Ингэснээр зөвхөн эм, тарианы хамааралтай болно гэсэн үг шүү дээ. 

Эрүүл хооллолтыг эмчилгээний хооллолттой андуурч ойлгоод, түүнээсээ үүдэн эрүүл хооллох гэдгийг хэцүү зүйл гэж боддогт байгаа юм.

-Чихрийн шижинтэй хүмүүс жингээ хасахын тулд олон төрлийн дэглэмийг туршдаг. Хамгийн зөв дэглэм гэж бий юу?

-Чихрийн шижин өвчтэй хүмүүс элдэв хатуу дэглэм барихаас илүү эмч нарын зөвлөдөг “Өдөрт 5 удаагийн хооллолтын хуваарь”-ийг амьдралдаа ягштал баримтлах хэрэгтэй.  Энэ нь: 

Өглөөний цай

07:00-08:30

Бага үдийн зууш

11:00 цагт

Өдрийн хоол

13:00 цагт

Их үдийн зууш

16:00 цагт

Оройн хоол

19:00 цагт

Ийм биологийн цагийн хуваарийг мөрдөөд, өдөрт зарцуулах илчлэгтээ тохируулаад хооллоход сахарын хэмжээг хэвийн хэмжээнд барьж болдог.

Гэр бүлийн хүн маань бас л энэ өвчнөөр шаналж байгаа. Нөхрийнхөө цусан дахь сахарын хэмжээг энэ аргаар тогтворжуулсан. Одоо зургаан жил энэ л зарчмаар хооллож байна. 

Энэ зарчмыг дор хаяж 2-3 сар тууштай барьснаар дадал зуршил болж тогтдог гэдгийг бүү мартаарай.

Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.

Өвчин зовлон хэлж ирэхгүй, хийсч ирдэг гэж бид нар ярьдаг ч яг үнэндээ халдварт бус өвчин, тэр дундаа чихрийн шижин өвчин бидний амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг. Тэгэхээр та бүхэн өрхийнхөө эмнэлэгт хандаад эрт илрүүлэгтэй заавал ороорой. Ердөө өндөг рүүгээ хатгуулаад цусныхаа шинжилгээг өгөхөд л болох юм.