Нэгэнт чихрийн шижин өвчин туссан бол хэзээ ч эдгэхгүй гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд бий. Гэхдээ хоол хүнсээ зөв сонгож, тохирсон цагт идэж хэвшвэл цусан дахь сахарын хэмжээгээ хэвийн хэмжээнд нь барих боломжтой гэнэ. Энэ талаар эрүүл тэнцвэртэй хооллолтын багш,  “La Balance Mongolia” пэйжийн админ Б.Оролмаатай ярилцлаа.


-Амьдралын ямар дадалтай хүмүүс чихрийн шижин өвчинд өртөөд байна вэ? 

-Чихрийн шижин өвчнөөр тарган, илүүдэл жинтэй хүмүүс л өвчилдөг гэж өрөөсгөл ойлгодог. Үнэндээ амьдралын буруу хэв маяг, ажил амьдралын тэнцвэргүй байдал, буруу дадал зуршил хамгийн их нөлөөлдөг, тэр хэрээрээ энэ өвчнөөр өвчлөх магадлалтай. 


-Урьдчилан сэргийлэх энгийн аргыг манай уншигчдад зөвлөхгүй юу? 

-Хамгийн түрүүнд амьдралын зөв хэв маягт суралцах, дадах нь чухал гэдгийг ойлгож ухамсарлах ёстой. Бас нэг ойлгох ёстой зүйл бол чихрийн шижин гэдэг нэг удаагийн эмчилгээгээр л эмчлэгдэх өвчин биш юм. Иймээс өдөр тутамдаа анхаарч, идэвхтэй амьдрах ёстой. 


-Насан туршдаа эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталж, сахилга баттай байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Нэгэнт чихрийн шижин өвчнөөр өвдсөн бол насан туршийн зөв дадлыг хэвшүүлэх шаардлага тулгарна. 

Чихрийн шижин өвчин 100 хувь эмчлэгддэг өвчин биш. Эмчийн байнгын хяналтад байж, хоолны дэглэм барьж дасгал хөдөлгөөн хийж, эмийн эмчилгээг хослуулах нь үүсэх хүндрэлүүдээс нь сэргийлэх боломжтой.


-Хоолны асуудал дээр хүмүүс голдуу ямар алдаа гаргадаг вэ?

-Ажиглаад байхад чихрийн шижинтэй хүмүүс эхэндээ хооллолтдоо нэлээн анхаарч байснаа сүүлдээ дэглэмээ алдаж өвчнөө улам даамжруулчихдаг.  

Ингэснээр зөвхөн эм, тарианы хамааралтай болно гэсэн үг шүү дээ. 

Эрүүл хооллолтыг эмчилгээний хооллолттой андуурч ойлгоод, түүнээсээ үүдэн эрүүл хооллох гэдгийг хэцүү зүйл гэж боддогт байгаа юм.

  

-Чихрийн шижинтэй хүмүүс жингээ хасахын тулд олон төрлийн дэглэмийг туршдаг. Хамгийн зөв дэглэм гэж бий юу?

-Чихрийн шижин өвчтэй хүмүүс элдэв хатуу дэглэм барихаас илүү эмч нарын зөвлөдөг.

“Өдөрт 5 удаагийн хооллолтын хуваарь”-ийг амьдралдаа ягштал баримтлах хэрэгтэй.  Энэ нь: 

Өглөөний цай
07:00-08:30
Бага үдийн зууш
11:00 цагт
Өдрийн хоол
13:00 цагт
Их үдийн зууш
16:00 цагт
Оройн хоол
19:00 цагт

гэсэн биологийн цагийн хуваарийг мөрдөөд, өдөрт зарцуулах илчлэгтээ тохируулаад хооллоход хэвийн хэмжээнд барьж болдог.

Гэр бүлийн хүн маань бас л энэ өвчнөөр шаналж байгаа. Нөхрийнхөө цусан дахь сахарын хэмжээг энэ аргаар тогтворжуулсан. Одоо зургаан жил энэ л зарчмаар хооллож байна. 

Энэ зарчмыг дор хаяж 2-3 сар тууштай барьснаар дадал зуршил болж тогтдог гэдгийг бүү мартаарай.


-Шууд нүүрс ус, тосоо хасах зэрэг хатуу дэглэм барих нь ямар үр дагавартай вэ?

-Чихрийн шижний II хэв шинжтэй ч нүүрс усаа хассан дэглэм хоёр жил бариад ходоодны хорт хавдартай болчихсон хүн хандаж байлаа. Тэр хүний гол алдаа нь хооллохдоо эслэг бага хэрэглэснээс үүдэж, ходоодны  түгжрэл үүссэн хэрэг.

Тэгэхээр ямар нэгэн хатуу дэглэмийг чихрийн шижин өвчтэй хүн гэлтгүй эрүүл хүн ч гэсэн удаан хугацаагаар барих нь буруу гэж хэлмээр байна.


-Цаанаасаа амттан, нүүр усаар баялаг хүнс идмээр санагддаг шүү дээ. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Чихрийн шижин өвчтэй хүмүүст дээрх бүгдийг хатуу хорьдог. Тэгэх тусам идмээр санагдах нь аргагүй юм. Гэхдээ эрүүл орцтой, эрүүл мэндэд ашигтай амттан өөрсдөө хийгээд идэж болно. Мөн эрүүл орцтой амттаны сонголт арвин болсон шүү дээ.

Магадгүй яаж хийхээ мэдэхгүй бол сар бүр тогтмол явагддаг “Чихрийн шижинг хоолоор зохицуулах нь” сургалтад хамрагдаж болно. Хялбар аргаар өөрийн хүссэн амттан, эрүүл хоолоо хийж сурах боломжтой шүү.  Пэйж хуудсаар зочлох: https://www.facebook.com/LaBalanceMongolia


Энергийн бөмбөлөг

-Чихрийн шижингээ хоолоороо хэрхэн зохицуулдаг юм бэ, хоол хүнсээ бэлдэхдээ зайлшгүй анхаарах ёстой зүйлсийг дурдвал?

 Чихрийн шижинг хоолоороо зохицуулна гэдэг нь:

1. Хүнсний бүтээгдэхүүний сонголтоо зөв хийх

2. Өдөрт зарцуулах илчлэгтээ тохируулж хооллох

3. Тэнцвэртэй хооллох зарчмыг мөрдөх

4. Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх  гэсэн 4 алхмыг амьдралдаа хэвшүүлэхэд цусан дахь сахар тогтворжино.

 

Манай сургалт үүнийг л хүмүүст хамгийн энгийнээр ойлгуулж, өөрсдийн амьдралд туршигдсан, хялбар энгийн, эрүүл аргаар бэлтгэх олон эрүүл хоолны жорыг бусдад түгээхийг зорьдог.

Хамгийн наад зах нь хоол хүнсээ бэлдэхдээ:

✖давс,
✖сахарыг маш бага хэрэглэх хэрэгтэй.
✔Малын гаралтай өөх тосыг бага хэмжээгээр хэрэглэх,
✔ашигтай өөх тосоо тогтмол хэрэглэх,
✔эслэг агуулсан жимс хүнсний ногоо,
✔шош вандуй,
✔буурцагт ургамал,
✔ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх шаардлагатай.


-Чихрийн шижинтэй хүмүүс сахар орлуулагч хэрэглэж болох уу?

-Болохгүй. Учир нь сахар орлуулагч энгийн сахраасаа илүү чихэрлэг амттанд донтуулдаг юм шүү дээ. Үүнийг ихэнх хүмүүс мэдэлгүй  Zero Cola, сахар орлуулагчтай амттан гэх мэтийг ихээр хэрэглээд байна.

Үүний оронд бор сахар, бурам, хасарваань жимсний сироп зэргийг бага хэмжээгээр хэрэглэж болно.

 

-Бидний анзаардаггүй хэрнээ хамгийн их таргалуулдаг, өвчний суурийг тавьж байдаг хүнсний бүтээгдэхүүнүүд юу вэ?

-Хамгийн их таргалуулдаг бүтээгдэхүүнд:


☘Давс,

☘Сахар,

☘Гурил гурилан бүтээгдэхүүн, 

☘Малын гаралтай өөх тос, 

☘Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, 

☘Даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүн, 

☘Баяжуулсан сахрын агууламжтай, 

☘Ашиггүй калоритой, эслэг агуулаагүй хүнс орно.

Монголчууд ихэвчлэн давс, сахрын хэмжээг маш ихээр хэтрүүлж хэрэглэдэг нь таргалалтад өртөх шалтгаан болдог.

Жишээ нь манай гэр бүл өдөрт 2 гр давс, 5 гр сахраас илүү сахар давс хэрэглэхээ больсон. Давс сахраас өөр хоолыг илүү амтлаг болгодог зүйл бол химийн бодис ороогүй, эрүүл аргаар хатаасан органик амтлагч олон бий. Тэдгээрийг  хоолондоо зохих хэмжээгээр хийж хэрэглэхэд хоол амттай болдог.

 

-Монголчуудын хооллохдоо гаргадаг буруу зуршлуудыг дурдахгүй юу?

Бидний хооллолтдоо гаргадаг буруу зуршил олон. Тухайлбал, 

 

Нэгдүгээрт: Бид хоол хийхдээ хүнсний бүтээгдэхүүнээ болгох, шарах, хуурах, чанах зэрэгт хугацаа болон технологийн горимыг маш ихээр алдагдуулдаг. 

Хоёрдугаарт: Буруу цагт, буруу хоол хүнсээр, цагийн хуваарьгүй  хооллодог.

Гуравдугаарт: Хүнсний бүтээгдэхүүний сонголт цөөтэй, сонголтоо буруу хийдэг  гэх зэрэг алдааг ихээр гаргадаг. 

Харин  хоол  хүнсийг дахин халаахад амин дэм алдагдаж, нян үржих аюултай тул аль болох халаахгүй хэрэглэх хэрэгтэй. Зайлшгүй тохиолдолд халуунаа сайн барьдаг саванд хоёр цагаас илүүгүй хоолоо халуунаар нь байлга.  Үүнээс олон цагаар халуун байлгаснаар  бичил биет  үүсэх магадлал өндөр гэдгийг л анхаарах хэрэгтэй.

  Хөц будаатай шөл

-Жингээ барихад хоол, дасгалын аль дээр илүү анхаарал хандуулах ёстой вэ?

-Эрүүл амьдралын хэв маяг болох эрүүл тэнцвэртэй хооллолт 80%, дасгал хөдөлгөөн 20% гэсэн зармыг л мөрдөхөд аливаа халдварын бус өвчлөлийн эрсдэлээс өөрийгөө хамгаална шүү дээ.


-Чихрийн шижингийн хэмжээ ямар түвшинд байгаагаа мэдэхийн тулд өрийгөө шинжиж болох энгийн аргуудыг хуваалцаач

 -Чихрийн шижин өвчнөөр өвдсөн хүн өдөр бүр тестээр цусан дахь сахраа хэмжиж хэр тогтвортой байгаагаа мэдэх боломжтой.  

Харин энгийн хүмүүс бэлхүүсийнхээ тойргийн хэмжээг анхаарах хэрэгтэй. Хэвлийн тойрог эмэгтэй хүн 80 см, эрэгтэй хүн 90 см -ээс дээш хэмжээтэй бол та чихрийн шижин өвчинд өртөх магадлалтай.

Мөн танд дараах шинж тэмдэг илэрдэг бол мөн өртөх магадлалтайг анхаараарай. Үүнд:

-   Ам их цангах

-   Уруул хагарах

-   Гар хуурайших

-   3 цагаас хойш ядарч сульдах

-   Оройн хоолны дараа хөргөгч рүүгээ олон дахин гүйх

-   Чихэрлэг амттанд хэт их донтох

-   Гэнэт хэт их таргалах

-   Гэнэт хэт их жин хаях  гэх мэт