Монголчууд 40 нас гараад л цус харвах, зүрхний шигдээс болох нь эрс нэмэгддэг

Манай улсад 3 нас баралт тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс шалтгаалдаг. Дэлхийн дахинд 60-аас дээш насныхан хүндэрдэг эдгээр өвчлөлөөр монголчууд идэр насандаа хүндэрч, амь насаа алдах хүртэл эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ удаа зүрх судасны өвчлөлийн голлох шалтгаануудын нэг цусан дахь өөх тосны тэнцвэрт байдал алдагдах /дислипидеми/ өвчний талаар Жаргалан Төсөл-тэй хамтарч  бэлтгэлээ.

Цусан дахь муу өөх тос ихсэж, сайн өөх тос багассанаар дислипидеми өвчин үүсдэг байна. Ингэснээр артерийн судасны хананд өөх тос хуримтлагдаж, судас нарийсан, хатуурдаг. Судас хатуурах өвчний улмаас зүрхний шигдээс, тархины харвалт гээд аль эрхтний судас хатуурснаас хамаараад тухайн эрхтэнд хүндрэл гардаг ажээ. Монголчуудын хувьд цусан дахь өөх тосоо ихэссэнийг мэддэггүй, үүнээс шалтгаалж хүндэрсэн хойноо л эмнэлэгт хандаж байгааг эмч нар санууллаа. 

Бичлэг үзэх: 

Г.БАЙГАЛЬМАА: ХАРВАЛТЫН ТАСАГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГСДИЙН 30 ХУВЬ НЬ 49-ӨӨС ДООШ НАСНЫХАН БАЙНА 

Тархины цус харвалтад цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх нь хэрхэн нөлөөлдөг талаар Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаатай ярилцлаа.

-Залуу хүмүүс цус харвах боллоо гэж сүүлийн үед хүмүүс их ярих болсон. Хүндэрсэн өвчтөнүүдийг хүлээн авдаг харвалтын тасагт нөхцөл байдал ямар байна вэ? 

-15, 20 жилийн өмнө тархины харвалт өндөр насжилттай хүмүүс дээр хүндрэлээр илэрдэг эмгэг байсан. Гэтэл өнөөдөр 16-18 настай, 20-30 насныхан, 30-40 насныхан тархины харвалтад өртөөд ирж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай тасагт эмчлүүлсэн 9300 гаруй хурц, цочмог харвалттай эмчлүүлэгчийн 30 хувийг 49-өөс доош насныхан эзэлж байгаа нь тархины харвалт анхаарал хандуулах асуудал болсны илрэл.

-Цус харвасан хүмүүсийн ихэнх нь юунаас болсон байдаг вэ?

-Хүндэрч ирсэн өвчтөн болгоныг юунаас болж тархины харвалтад хүрснийг тодорхой болгохын тулд хэд хэдэн багц шинжилгээ, асуумж авдаг. Энэ дунд өвчтөний цусан дахь өөх тосны солилцоог тодорхойлох шинжилгээ гэж бий. 

Шинжилгээгээр цусан дахь өөх тосны солилцоог үзэхдээ нийт холестрин, их нягтралт либопротейн, бага нягтрал либопротейн /БНГЛ/, триглицридийн хэмжээ гээд өөх тосны хэмжээг нь дөрвөн төрлөөр нарийн задалж харна. 



Нийт харваж ирсэн хүмүүсийн дийлэнхэд нь муу холестрин хэвийн хэмжээнээс өндөр байгаа нь харвалтад хүргэсэн шалтгаан байдаг.  

-Амьдралын хэв маяг ямар байх нь цусан дахь өөх тосны хэмжээ ихсэхэд нөлөөлдөг вэ?

-Хэвтэн эмчлүүлсэн хүмүүсээс авдаг асуумжаас харахад монголчуудын дунд хөдөлгөөний хомсдол нийтлэг байна. Үүний дээр хорт зуршилтай, архи тамхины хэрэглээ хэт өндөр байна. Монголд  хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, 10 эрэгтэйн нэг нь архины хортой хэрэглээтэй гэсэн судалгаа ч бий. 

Хоол хүнсний тухайд бол өдрийн гурван удаагийн хоолондоо өөхтэй мах, шарж хуурсан хоол хэтрүүлэн идэж байна. Мөн масло, майонез зэрэг транс тосны хэрэглээ цусан дахь холестериныг нэмдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. ДЭМБ-аас  хүнсэндээ транс тос огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.  

Сануулж хэлэхэд, тухайн хүний биеийн жингийн индекс 25-аас дээш байх,  даралт ихсэлттэй байх, чихрийн шижингээр оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маягтай холбоогүйгээр цусанд өөх тосны солилцоо өндөр байдаг.  

Тэгэхээр илүүдэл жинтэй хүмүүс дасгал хөдөлгөөнд анхаарч, жингээ бууруулах хэрэгтэй. Даралт ихсэлттэй хүн бол даралтын эмээ тогтмол уу. Өөх тосны хэмжээ өндөр гэж гарсан бол тохирсон статин эмээ удаан хугацаагаар хэрэглэж цусан дахь өөх тосны хэмжээг тогтмол үзэх хэрэгтэй.  

-Нарийн мэргэжлийн эмчийн хувьд иргэдэд сануулж хэлэх зүйл юу байдаг вэ?

- “Миний даралт хааяа ихэсдэг. 180-200 хүрч л байсан. Хэвтэхээр зүгээр болчихдог юм. Ганц нэг удаа эм ууж байсан” гээд хэнэг ч үгүй хэлэх хүн цөөнгүй байна. Ингэж тоохгүй явсаар 30 гаруйхан настай залуу гэнэт л тархинд нь цус харваад хэл ярианы алдагдалтай, гүн саажилттай болоод хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдол бий. 

Тэгэхээр ерөөсөө “Би эрүүл шүү, гайгүй байлгүй дээ. Зүгээр болчих байлгүй ” гэж өөрийгөө хайхрахгүй орхиж болохгүй. 

Эрт илрүүлэгт хамрагдъя, урьдчилан сэргийлье гэж бодож байгаа бол эхлээд өрхийн эмчдээ хандаарай. Гуравдугаар шатлалын эмнэлэгт хүндэрсэн, онош тодорхойгүй өвчтөнүүдийг үздэг. Анхан шатны оношилгоо, зөвлөгөөгөө өрхийн эмчдээ үзүүлж аваад шаардлагатай гэж үзвэл дүүргийн эмнэлэгтээ хандах нь цаг алдахгүй, өөрт тохирсон эмчилгээ, зөвлөгөөг авах боломж юм.


Г.МӨНХТУЛГА: ЦУСАН ДАХЬ ӨӨХ ТОСНЫ ТЭНЦВЭР АЛДАГДСАНААС СУДАС ХАТУУРЧ ЗҮРХНИЙ ШИГДЭЭС БОЛДОГ


Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсний тасгийн их эмч Г.Мөнхтулгатай ярилцлаа. Тэрбээр цусан дахь өөх тосны хэмжээгээ эрт оношлуулж, хооллолт, дасгал хөдөлгөөндөө анхаарвал гэнэтийн нас баралтад хүргэдэг зүрхний шигдээсээр хүндрэхгүй байх боломжтойг санууллаа.

-Цусан дахь өөх тосны тэнцвэр алдагдах өвчинтэй гэж оношлогдвол хувь хүн юунд анхаарах ёстой вэ? 

-Юун түрүүнд хувь хүн өөрөө хичээж чадвал өвчнөө хянах боломжтой, эмчилж болохуйц өвчин гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Эмч бидний хувьд бол амьдралын хэв маягаа өөрчлөхийг эхлээд зөвлөдөг. 

Хоол хүнсэндээ дотор өөх, хавирганы өөх, хурдан царцдаг ямааны мах бага, үхрийн бараан мах голдуу хэрэглэвэл тохиромжтой. Мөн хүнсний ногоо, нүүрс ус, уургийн хэрэглээгээ нэмэх шаардлагатай. 

Ингээд хоол хүнснээс авсан энергийг хөдөлгөөнөөр шингээж, гадагшлуулах хэрэгтэй учраас хүн хүнд тохируулж хөдөлгөөний зөвлөгөө өгнө. Тухайлбал өндөр настай хүнд эрчим арай багатай, залуучуудад илүү өндөр эрчимтэй хөдөлгөөн хийхийг санал болгоно. Дунджаар долоо хоногт 2-3 удаа 30-аас минутаас дээш хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зохистой байдаг.

Онцгойлон анхааруулж хэлэх зүйл бол тамхи. Хүмүүс тамхи зөвхөн уушгинд хортой, олон жил тамхи татсан ч уушги зүгээр байгаа юм чинь би эрүүл гэж боддог. Гэтэл тамхины хор хамгийн түрүүнд цусанд орж судасны дотор ханыг гэмтээдэг. Гэмтсэн судасны дотор хана дээр ихэссэн цусан дахь өөх тос суугаад үүнээс үүдэлтэй судас хатуурах өвчний эрсдэл эрчимждэг гэж ойлгож болно. Манай зүрхний шигдээсийн тасагт хүндрэлээр ирсэн өвчтөнүүдийн 90-ээс дээш хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг.

-Нэгэнт судас хатуурах өвчин, зүрхний шигдээсээр хүндэрвэл эмчлэгдэх боломжтой юу? 

-Нэгэнт хүндэрсэн бол бүрэн эдгэрэхгүй. 

Амьдралын хэв маяг өөрчлөх, эмийн эмчилгээ гээд хэд хэдэн төрлийн багц эмчилгээ хийж байж хяналтад байлгадаг.  Өвчний хүндрэлээс хамаараад 3-7 төрлийн эмээр эмчлэх шаардлагатай. Эмчилгээний үр дүнд хувь хүний хичээл зүтгэл чухал нөлөөтэй.  

Хэдэн жилийн өмнө 40 настай эрэгтэй зүрхний шигдээс болоод ирж байлаа.Тухайн үедээ зүрхний бөглөрсөн судсыг нь онгойлгоод тэлэгч стент суулгаад амьд гарсан. Гэтэл 2 жилийн дараа дахиад зүрхний шигдээс болоод ирсэн. Эхний нэг жилдээ хяналтдаа сайн ороод ямар ч зовуурьгүй болохоор нь хэрэглэж байгаа эм тариа, мөрдөж байгаа амьдралын хэв маягаа хэрэггүй юм байна гэж бодсон гэж байгаа юм л даа. Ингээд тухайн хүн дөнгөж 45 насандаа босоод нойл орох хооронд л амьсгааддаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, хэвтрийн болсон. 

Иймэрхүү тохиолдол ер нь цөөн биш, сардаа нэг хоёр удаа тохиолддог. Тэгэхээр ард иргэд өөртөө санаа тавьдаг,  эрт илрүүлэгт хамрагдаг, эрүүл мэндийн боловсролоо сайжруулж, урьдчилан сэргийлдэг болох хэрэгтэй байна.



Цусан дахь муу өөх тос ихдэлт, чихрийн шижин, даралт ихсэлтийг анхан шатны эмнэлэг, өрхийн эмнэлэгт оношилж, иргэдийг зөв чиглүүлэх нь өвчлөл, нас баралтын эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой. Иймд дэлхийн улс орнууд өрхийн эмнэлгийн эмч нарыг чадавхжуулахад анхаардаг байна. Энэ жишгийг Монголд  “Оддарьяа сан”-аас санаачлан Жаргалан менторшип төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 


Жаргалан менторшип хөтөлбөрийн оролцогч, СХД 6-р хорооны Гурванцүүр ӨЭМТ-ийн эмч З.Сарантуяагаас цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх өвчний оношилгоо эрт илрүүлгийн талаар тодрууллаа.

Тэрбээр “Жаргалан менторшип хөтөлбөрийн  3-р ээлжид хамрагдсан. Халдварт бус өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ талаас нь лавлагаа шатны эмч нартай менторшип болж хамтарч ажилласнаар муу өөх тос ихсэх нь зүрх судасны өвчлөл, бусад өвчлөлд хэрхэн үндсэн шалтгаан болдог тухай болон оношилгоо, эмчилгээний менежментийн талаар илүү мэдээлэлтэй болж чадсан" хэмээн ярилаа. 

Оношлуураар, шинжилгээ өгч байж цусан дахь өөх тосны түвшин тодорхойлсноор дислипидеми өвчинтэй эсэх нь илэрдэг учраас энэ өвчний талаар мэдээлэл иргэдэд харьцангуй бага байдаг. Иймээс энэ талын мэдээлэл, сургалтыг эмч, эрүүл мэндийн ажилтан, ард иргэдэд хангалттай сайн хүргэж баймаар байна гэсэн юм. 

Түүнчлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа эрт илрүүлгийн багц шинжилгээний хүрээнд 30-аас дээш насныхны багц шинжилгээд цусны ерөнхий шинжилгээ багтдаг. Шинжилгээ өгснөөр цусан дахь өөх тосны хэмжээ, сахарын хэмжээгээ мэддэг. Түүнчлэн  40-өөс дээш насныхныг ойрын 10 жилийн хугацаанд зүрх судасны өвчлөлөөр хүндрэх эрсдэлтэй эсэхийг тооцоолуулах боломжтой. Иймд эрт илрүүлэгтээ хамрагдаж, өөрийн харьяа өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.