"Halloween" буюу Бүх гэгээнтнүүдийн өдөр, монголчуудын нэрлэж заншсанаар Сүнсний баяр энэ сарын 31-нд болно. /Монголд бүх шатны сургалтын байгууллагыг уг баярыг тэмдэглэхгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сануулсан/

Энэ өдөр сүнснүүд газар дээр гарч ирдэг гэж Католикийн шашинтнууд итгэдэг тул аймшигтай, этгээд хувцаслаж, нүүрээ буддаг байна. Барууны орнууд орчин үед гадаа орчныг сийлмэл хулуугаар чимэглэж, хүүхэд хөгшидгүй дүрд хувирч тэмдэглэх болжээ. 

Хүүхдүүд энэ өдөр харанхуй болмогц хөрш айлуудын хаалгыг тогшиж чихэр гуйдаг. Тэд ингэхдээ “Trick or Treat” гэж хэлдэг нь утгачилбал “Хуурах уу, дайлах уу” гэсэн үг аж. Зарим томчууд чихрийн цаасанд хэрчсэн ногоо, талх зэрэг боож өгдгөөс хуурах гэдэг үг гаралтай юм. 

Өсвөр насныхан, залуучууд, алдартай хүмүүсийн хувьд энэ баяраар үхэгсдийн дүрд хувилалгүй хүүхэлдэй, киноны баатар, одуудыг дуурайдаг. Зарим охид, эмэгтэйчүүд энэ баярыг задгай хувцаслах боломж гэж харах нь ч бий. 

Сайны хажуугаар саар гэгчээр энэ баярын үеэр маш их гэмт хэрэг гардаг. Хулгай дээрэм, хүний наймаа, хүчин, аллага гээд аймшигтай хэргүүдийг үйлдэгсэд баг зүүж, дүрээ хувилгасан байдгаас гэмт хэрэгтнийг барьж чаддаггүй. Бага насны хүүхдүүд айл хэсэж байхдаа төөрөх, барьцаалуулах явдал олон учир эцэг, эх нь дагуулж явдаг болсон. 

Хэдий ийм ч энэхүү баярыг олон зуун жил тэмдэглэсэн хэвээр байна. 

АНУ-д Хэллоуиний баярын шинэ уламжлалыг Late Night with Jimmy Kimmel шоуны хөтлөгч Жимми Киммэл 2012 онд гаргаж иржээ. 

Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ оройжин цуглуулсан чихрийг бүгдийг нь идчихсэн гэж худал хэлээд хүүхдийнхээ хариу үйлдлийг бичлэгт буулгах юм. Бичлэгээ “Hey Jimmy Kimmel I Told My Kids I Ate All Their Halloween Candy” гэсэн гарчигтай Youtube-д байршуулна. Хамгийн хөгжилтэй бичлэгүүдийг Жимми Киммэл түүж арваннэгдүгээр сарын 1-нд Youtube сувагтаа хийдэг билээ. 

Манай эцэг, эхчүүд ч үүнд оролцоход бүрэн нээлттэй.