Таны ярьж хэлж байгаа үг бүхний цаана ойлголт бий. Судалгаагаар хүн өдөрт дунджаар 4800 үг хэлдэг гэсэн байх юм. Гэтэл бид илэрхийлж буй ойлголтыг нь бүрэн таньж мэдээгүй маш олон үгсийг өдөр тутмын яриандаа ашиглаж байдаг байна. Жишээлбэл, хэрэгцээ, зорилго, асуудал, төлөвлөгөө г.м дурдаад дуусахгүй. 

Хүн бүхэнд хамааралтай, нийтлэг ашигладаг ойлголтын нэг бол яах аргагүй ХЭРЭГЦЭЭ юм. Надад байшин, машин, өндөр цалинтай ажил, хувцас хэрэгцээтэй байна гэх мэтчилэн бид өдөр тутамдаа энэ үгийг ашигладаг.

Тэгвэл та “Хэрэгцээ” гэдэг ойлголтыг мэдэх үү? 

Үүнийг шалгах тун амархан. Та “хэрэгцээ”-г өөрийнхөө мэддэгээр нэг өгүүлбэрт багтаан томьёолж бичээрэй. Хэрвээ 30 секундын дотор томьёолж бичиж чадахгүй бол та энэ ойлголтыг мэддэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны оюун санаанд хэрэгцээний тухай мэдлэг байхгүй гэсэн үг юм. Харин дээрхи хугацаанд амжаад биччихвэл ямар нэгэн байдлаар урьд нь энэ талаар бодож эргэцүүлээд үзчихсэн гэсэн үг юм. энд https://tussolution.mn/blog/1/post/35

Нийтлэг хэрэглэдэг ойлголтуудаа таньж мэдээгүйгээс гэр бүлийн гишүүд, ажлын хамт олон, найз нөхдийн хооронд ойлголтын зөрүү үүсдэг. Үүнээс болж олон сөрөг үр дагаврууд бидэнд учирдаг. 

Цэгцтэй сэтгэлгээний аргазүйгээр аливаа ойлголт нь хэв шинжүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр хэв шинжүүд нь доорх шаардлагуудыг зайлшгүй хангах ёстой. Үүнд: 

  1. Ойлголт нь цөөн хэв шинжүүдийг агуулсан байх;
  2. Хэв шинжүүд нь салаа утгагүй буюу нэг утгаар ойлгогддог байх;
  3. Хэв шинжүүдийн шалгуурыг тодорхойлоход хялбар байх;
  4. Хэв шинжүүд нь хоорондоо логик уялдаатай байх. 

“Хэрэгцээ”-г томьёолсон байдлыг хэд хэдэн эх сурвалжаас жишээ болгон авч үзвэл: 

  1. Монгол хэлний их тайлбар толинд, “Хэрэгцээ гэж амьд бие, бие хүн, нийгмийн бүлэг, бүхэл нийгмийн оршин амьдрахад зайлшгүй ямар нэгэн юмыг шаардах шаардлага юм.”
  2. Википедиа нэвтэрхий толинд, “A need is something that is necessary for an organism to live a healthy life” гэж тодорхойлжээ. Монгол хэлэнд орчуулбал, “Хэрэгцээ гэж амьд биеm эрүүл амьдрахад шаардлагатай зүйлүүдийг хэлнэ.” 
  3. Бизнесийн толь бичиг сайт /businessdictionary.com/-д, “A motivating force that compels action for its satisfaction” гэж тодорхойлсон байх юм. Монгол хэлэнд орчуулбал, “Сэтгэл ханамжийг бий болгохын төлөөх үйлдлийг сэдэлжүүлэх хүч.” 
  4. Эдийн засгийн ухааны сурах бичигт, “Хэрэгцээ гэж хүний хангагдаагүй хүсэл, шаардлагыг хэлнэ.” гэх мэтээр тодорхойлжээ. 

Дээрх томьёоллуудад туссан хэв шинжүүдийг ангилж, хоорондын хамаарлыг нь шинжилж үзвэл,

  • Хэрэгцээг шаардлага, зүйл, хүч юм гээд хоорондоо ялгаатай хэв шинжүүдээр тодорхойлсон.
  • Шаардлага гэдэг нь өөрөө дахин тодорхойлолтыг шаардаж байна. Олон эх сурвалжид шаардлага бол зүйл юм гэж тодорхойлсон байна. Гэвч зүйл гэдэг ойлголтыг тодорхойлж, ангилж чадахгүй байна. 
  • Амьд бие, бие хүн, нийгмийн бүлэг, нийгэм гэдэг ойлголтуудын утга нь ХҮН юм. Иймд эдгээр хэв шинжүүдийн утга нь хоорондоо давхцсан байна. 
  • Оршин амьдрах, эрүүл амьдрах, сэтгэл ханамжийг бий болгох гэдэг ойлголтууд нь мөн давхцсан утгатай байна. Эдгээр нь хүн амьд байх, амьдрах гэсэн ойлголтуудыг агуулсан байна. 

Тэгвэл дээрх сул талуудыг арилгах томьёоллын хувилбарыг тодорхойлох гээд үзье!

Дараах нийтлэг хэв шинжүүдтэй байна. Үүнд:  

  1. Хэрэгцээ бол шаардлага юм.
  2. Хэрэгцээ бол хүн амьд байхад зайлшгүй хангах шаардлага юм.
  3. Хэрэгцээ бол хүн амьдрахад зайлшгүй хангах шаардлага юм.

Дээрх хэв шинжүүндийг нэгтгэн тодорхойлвол: 

“Хэрэгцээ гэж хүний амьд байх, амьдрахад зайлшгүй хангах шаардлагыг хэлнэ.”  гэж тодорхойлох нь оновчтой байна.

Уншигч та дээрх тодорхойлолттой санал нийлж байна уу?