Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн хорооноос 2018 оны физикийн салбарын шагналыг лазерын физикийн салбарын гурван эрдэмтэнд олгожээ.

Үүнд АНУ-ын “Беллийн Лаборатори”-н судлаач Артур Эшкин, Канадын Уотерлоогийн их сургуулийн профессор Донна Стриклэнд, АНУ-ын иргэншилтэй франц гаралтай эрдэмтэн Жерард Моуроу нар хүртсэн байна.

Энэ жилийн шагнал хүртсэн бүтээлүүд нь лазерын физикт хувьсгал авчирсан нээлтүүд бөгөөд, маш бага объект, болон хэт хурдан процессуудыг ажиглах боломжийг бий болгожээ. Өндөр түвшний нарийвчлалтай төхөөрөмжүүд нь судалгаа болон төрөл бүрийн үйлдвэрлэл ба эрүүл мэндийн хэрэглээнд урьд өмнө мэдэгдэж байгаагүй шинэ боломжуудыг авчирсан юм.

Артур Эшкин бөөмс, атом, вирус, болон бусад амьд эсүүдийг лазерФ туяаны тусламжтай барьж авдаг оптик чимхүүр бүтээсэн юм. Энэ бүтээл нь шинжлэх ухааны уран зөгнөлд гардагтай адил физик объектыг гэрлийн цацрагийн даралтаар хөдөлгөх мөрөөдлийг бодит болгож,лазераар жижиг бөөмсийг түлхэн туяаны төвд оруулж барьж тогтоодог байна.

Уг нээлт 1987 онд хийгдсэн бөгөөд Эшкин оптик чимхүүрээр амьд бактерийг гэмтээлгүйгээр барьж авч чаджээ.

Жерард Моуроу болон  Донна Стриклэнд нар нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн өндөр эрчимтэй лазерын пульсуудыг гаргаж авсан ажээ. Тэд уг нээлтийнхээ тухай 1985 онд нийтэлсэн ба Стриклэндийн докторын судалгааны ажлын үндэс болсон юм.

Тэд хэт богино долгионы өндөр эрчимтэй лазерын пульсыг тухайн өсгөлт хийж буй материалаа устгалгүйгээр гаргаж авах аргыг амжилттай нээжээ. 

Стриклэнд ба Моуроугийн энэ аргаар жил бүр сая сая нүдний хагалгааг амжилттай хийдэг байна.

Мөн энэ жилийн физикийн Нобелийн шагналын баатар нь 96 настай Артур Эшкин юм. Тэрбээр Нобелийн шагнал хүртсэн хамгийн өндөр настай хүн болж буй. Харин Донна Стриклэнд  55 жилийн дараа Нобелийн шагналыг физикийн салбарт  хүртэж буй гурав дахь эмэгтэй болж байна.

Мөн түүнчлэн Жерард Моуроу өөрийн санааны патентийг авахаар анх хүсэлт гаргахад “Таны санаа хэтэрхий энгийн байна” хэмээн буцаагдаж байжээ.


Эх сурвалж: ipt.ac.mn Л. Мөнхжаргал