Багш нар Minecraft тоглоом ашиглан сурагчдад түүхэн дурсгалт газрын тухай, мөн электрон схем бүтээхийг зааж байна. Архитектур, нийгмийн ухаан зэрэг хичээлийг онлайн тоглоом ашиглан зааснаар суралцахад илүү хөгжилтэй болно гэж тэд үзэж байна. 

Үүний эхлэлийг Minecraft тоглоом тавьсан. Үүнд тоглогчид виртуал блок ашиглан Таж Махалаас эхлүүлээд ямар ч дүрс бүтээж болдог. Тиймдээ ч бүтээлч сэтгэхүйг хөгжүүлдгээрээ алдартай юм. Microsoft компани Minecraft-ын хичээлд зориулсан хувилбарын эрхийг авч, 40 гаруй оронд ашиглуулж байгаа аж. 

Өмнөд Калифорнийн Санта Ана хотын сургуулийн нийгмийн ерөнхий ухааны ангийн сурагчид дотоод сүлжээ ашиглан тоглоомоор холбогджээ. Тэд Испанийн илгээлтийн эздийн 1775 онд барьсан “Сан-Хуан Капистраногийн илгээлт” зэрэг хичээл дээрээ үзсэн түүхэн дурсгалт газруудыг виртуал орчинд бүтээсэн. Харин шинжлэх ухааны ангийн сурагчид Minecraft-ыг ашиглан электрон схем бүтээхийг сурч буй.

Программ хөгжүүлэгчид боловсрол олгох талаар хэзээ ч бодож байсангүй. Mojang компанийн Minecraft тоглоомыг хөгжүүлэгч Енс Бергенстен “Бид хэзээ ч боловсрол олгох зорилготойгоор тоглоом бүтээгээгүй. Бид тоглоомоо өөрсдөдөө л зориулдаг” гэжээ. Ямартай ч шинэ мянганы хүүхдүүдийн тархины ажиллах арга явцад тохируулж тоглоом хийвэл ихээхэн борлуулалттай, эрэлттэй байна гэж ажиглагчид дүгнэсэн юм.