Зургадугаар ангийн дүү нартаа илгээх захидал

Л.Дэлгэрмаа
09 сарын 03, 2025

Сайн байна уу, зургадугаар ангийн дүү нар аа.

Ах нь танихгүй ч гэсэн хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд энэ захидлыг илгээж байна. Хоёр хоногийн өмнө та нарт Ерөнхий сайд ахаас нь захидал илгээсэн билээ. Түүнийг ах нь бас уншаад, та нарыг өөр өнцгөөс бодоосой гэж хүсээд энэ хариу захидлыг бичлээ.

Чамайг одоо өөрийн гэсэн сурах арга барилтай боллоо гэж Ерөнхий сайд захидлынхаа эхэнд дүгнэжээ. Юуны түрүүнд, та нар бие даан суралцах арга барилдаа бүрэн суралцаагүй байгаа. Тиймээс багшийнхаа хэлсэн хичээлийг сайн сонсож, гэрийн даалгавраа хийж, өдөр бүр бага багаар ахиж байгаагаа мэдрээрэй. Биеэ дааж сурах цаг чинь ахлах ангид өөрөө ирнэ ээ. 

Бас чамайг хүүхдийнхээ өхөөрдөм насыг орхиод өсвөр насны “том хүн” болох цаг ирж байна гэж сануулжээ. Гэхдээ чи яг одоо л бүх шийдвэрээ өөрөө гаргаад, бүх зүйлд хариуцлага хүлээх хэрэгтэй гэсэн үг биш. Чи одоохондоо хүүхэд хэвээрээ. “TikTok дээр хэдэн лайк авах вэ” гэдэг жижиг асуудалд битгий хэт санаа зовоорой, гэхдээ “том хүн” болно гэдэг чинь шийдвэр бүрээсээ суралцаж, алдаа гаргавал засаж чаддаг болохыг хэлж байгаа юм шүү.Чи хувь хүний үүднээс бүх шийдвэрээ бие дааж гаргах боломжгүй. Учир нь Монголын боловсролын тогтолцоо чамд тийм таатай боломж ер олгохгүй гэдгийг ах нь өөрөө эгэл жирийн сургагч багшийн хувьд батталгаатай хэлье.  

Ерөнхий сайд ах чинь “Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг” гэж мянган жилийн өмнөх Хятадын үгийг захидалдаа эш татсан байна билээ. Иймэрхүү том үгсийг улс төрчид их хэлдэг л дээ. Гэхдээ ах нь бодохдоо, нэг алхам хийхийн тулд эхлээд сэрүүлэг дуугармагц босож чадвал хамгийн том ялалт байх шүү. Урианаас илүү өдөр тутмын чинь бодит алхам л чамайг урагшлуулна.

Мөн тэр хүн “орос хэл, газарзүйн хичээлдээ шамд” гэж шууд тулгалаа. XXI зуунд дэлхий даяар англи хэл сурах уралдаан болж байхад манай Ерөнхий сайд “орос хэл сурвал дэлхий ертөнцтэй илүү танилцана” гэж ойлгуулж байгаад ахтай нь ижил олон олон аав, ээжүүд санал ер нийлэхгүй байна аа. Яг үнэндээ англи хэл сурахаар дэлхий ертөнцтэй холбогддог, орос хэл сурахаар Москвагийн телевизтэй л холбогддог юм шүү. Дэлхий дээр үе тэнгийн найзууд чинь AI, код, англи хэл ярьж байгаа. Гэтэл эсрэгээрээ та нарт “орос хэл бол ертөнцийн хаалга” гэж итгүүлэхийг оролдож байна. 

Орос хэл сурвал дэлхий ертөнц биш, Орос ертөнцтэй л танилцана шүү дээ, дүү нар минь.

Мөн “заавал манлайлагч бай, үлгэр дууриал үзүүл” гэсэн түүний үгийг хэт дарамт болгон битгий хүлээж аваарай. Хүн алдаа гаргаж байж, бүтэлгүйтэж байж ухаардаг. Алдаа чинь өөрөө чиний ирээдүйн амжилтын үндэс юм шүү.

Тэгээд хамгийн чухал нь, чи өөрийнхөөрөө байгаарай. Бусдын захидал, бусдын үгсийг бүхэлд нь зөв гэж бодох албагүй. Харин бодож, эргэцүүлж, өөрийнхөөрөө дүгнэж чадвал чи аль хэдийн “том хүн” болж эхэлж байна гэсэн үг. Тиймээс ахынхаа энэ захидлаас ч гэсэн өөртөө хэрэг болох хэсгийг нь л ойлгож аваарай. 

Амжилт хүсье дүү нар минь.

Танихгүй ахаас нь. 2025.09.03.


Холбоотой сэдвүүд

боловсрол нийгэм

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.