Өдгөө 67 настай Холливүүдийн од Брюс Уиллис тархины өвчний улмаас бусадтай харилцах чадваргүй болсон тул урлагийн замналаа өндөрлүүлж байгаа талаар түүний гэр бүлийнхэн мэдээллээ.

Тодруулбал, Брюст Уиллист афази өвчний онош тогтоогдож, өвчин сэтгэн бодох чадварт нь нөлөөлөх болжээ. Мэдэгдлийг түүний эхнэр Эмма Хеминг Уиллис, өмнөх эхнэр Деми Мүүр, хүүхдүүд нь болох Румер, Скаут, Таллула, Мабел, Эвелин нар хамтран гаргасан байна.

Мэдэгдэлд “Манай гэр бүлийн хувьд хүнд хэцүү цаг үе болж байна. Та бүхний хайр хүндлэл, дэмжлэгт маш их талархаж байна” гэжээ.

Афази өвчин нь тархинд цус харвасан тохиолдолд, эсвэл толгойн гэмтлээс үүдэлтэйгээр илэрдэг байна. Өвчин хүндэрснээр өвчтөн ярих, ойлгох чадвараа алдаж, бусадтай амаар, бичгээр харилцах боломжгүй болдог ажээ.