Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолыг гаргажээ.

Уг тогтоолд тусгасан гол өөрчлөлтүүдийг танилцуулж, ЭМДЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран "Энэ тогтоолоор Эрүүл мэндийн тухай хуульд заасан бүх тусламж үйлчилгээний шинэ өртгийг бодит өртөгтэй нь нийцүүлэн тооцсон. Энэ нь иргэдийг эрүүл мэндийн эрсдэлээс үүссэн санхүүгийн дарамтаас чөлөөлөх, багасгах зорилготой.

- Өмнө нь "Зүрх мартахгүй" төслөөр хийгдэж байсан зүрхний мэс заслийн төлбөрийн 75 хувь буюу 3 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, 25 хувь буюу 1.1 сая төгрөгийг иргэн өөрөө гаргадаг байсан. Шинэ тогтоолоор энэ төлбөрийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон.

- Хорт хавдрын тусламж үйлчилгээний мэс заслын зардлыг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тогтоосон.

- Мөн хорт хавдрын бай эмчилгээний төлбөрийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргана. Байн эмчилгээг өдрөөр хийлгэсэн тохиолдолд 4 сая, хэвтэн эмчлүүлж хийлгэхэд 4.5 сая төгрөгийн зардалтай байдаг. Энэ бүгдийг 100 хувь даана. Хавдар судлалын үндэсний төвөөс авсан мэдээллээр манай улсад энэ төрлийн эмчилгээнд орох шаардлагатай 346 хүн байна. Нэг хүн уг эмчилгээнд 6-11 удаа орох шаардлагатай байдаг.

- Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд амбуляторын тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэггүй байсан. Одоо улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор гэрээтэй хувийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

- Даатгалын байгууллагатай гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн бүх эмнэлгээр өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ хийлгэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хувь, иргэн өөрөө 30 хувийг төлөхөөр зохицуулсан" хэмээлээ.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүлээн авна уу.