Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль нь “хүүхэд бүрийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх, тэдний ялгаатай хэрэгцээг харгалзан амжилттай суралцах тэгш боломж бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлжээ. Аймагтаа 7 дугаар сургуулийг “тэгш хамруулах сургуулийн загвар” болгон ажиллуулж байгаа юм. 

Сургуулийнхаа дэвшүүлсэн энэ зорилгод хувь нэмрээ оруулж байгаа багшийн нэг бол монгол хэлний багш Ж.Булган юм. Тэрээр 9б ангийн анги даасан багш бөгөөд ангийнхаа хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээг харгалзан сургалтын хөтөлбөр, арга зүйдээ тохируулга хийж, тэдэнд суралцах тэгш боломжийг бүрдүүлэхээр эрэл хайгуул хийж ажилладаг. 

Тус сургууль дээр хэрэгжиж байгаа “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь -2” төслийн арга зүйн модуль сургалтад өнгөрсөн жилээс хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн юм. 

Ж.Булган багш “Би багшийн мэргэжил дээшлүүлэх модуль сургалтад хамрагдсаны дараа сургалтын хөтөлбөрийн тохиргоо хийх арга зүйг даасан ангийнхаа тусгай хэрэгцээтэй сурагч “Н”-ийн сурах үйл явцыг дэмжихэд тусгаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Би энэ ажлын явцад тухайн сурагчид зориулан боловсруулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг (ГСТ) бусад  мэргэжлийн багш нартайгаа  хамтран хэрэгжүүлэх нь чухал гэдгийг ойлгосон. Ингээд тусгай хэрэгцээтэй сурагчийнхаа гарааны бодит байдлын үнэлгээг хүүхдийн хөгжлийн ай тус бүрээрхийж үзсэн. 

Энэ үнэлгээгээр тухайн хүүхдийнхээ бүх давуу ба сул талуудыг тогтоож, хөгжүүлбэл зохих мэдлэг, чадвар, дадлыг тодорхойлдог. Улмаар тухайн сурагчийнхаа ГСТ-ний урт болон богино хугацааны зорилго,дэмжих үйл ажиллагааг энэхүү бодит байдалд үндэслэн тодорхойлж өгсөн. Тухайн сурагчид хичээл заадаг бусад хичээлийн багш нартаа сурагчийн хэрэгцээ, шаардлагатай дэмжлэгийн талаар мэдээлэл солилцож, тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэхэд судлагдахуун тус бүрээр сурагчийн эзэмших чадвар дадлыг оновчилж, тодорхойлж өгсөн. 

Жишээлбэл: Газарзүйн хичээл дээр тухайн сурагчид ертөнцийн зүг чигийг тодорхойлж сургах, математикийн хичээлээр  арифметикийн 4 үйлдэлд суралцах, бодлого бодох, монгол хэлний хичээлээр эхийг уншиж ойлгох, өөрийн санаагаа буулгаж бичих, тайлбарлаж ярих гэх мэт чадваруудыг хөгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаж багаараа хамтран ажиллалаа. Мөн тухайн сурагчийн ээжийг ч хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд татан оролцуулахдаа, “гэр бүлийн орчиндоо цэвэрч, эмх цэгцтэй байхад илүү анхаарч, зөв дадалд сургаж, хэвшүүлэхэд” анхаарах зөвлөгөө өгөөд хамтран ажилласан. 

Түүнчлэн багш бид тухайн сурагчийн бүтээл, дасгал даалгаврын гүйцэтгэлийн ахиц амжилт, бусад ажиглалт судалгааг тасралтгүй хийсэн. Ингэж ажилласнаар сурагчийн хөгжилд ай тус бүрээр ахиц гарсан юм.

Тухайлбал тухайн сурагч нь хичээл болон бусад үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган суралцдаг болсон, өөртөө итгэлтэй байдал, сурах сонирхол нь  нэмэгдэж, баяртай байгаа зэрэг нь хамтын үйл ажиллагааны үр дүн гэж үзэж байна. Энэ бүгдээс үзэхэд хүүхэдтэй ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажиллах, тэднийг хөгжүүлэхэд багш нар болон багш-эцэг эхийн хамтын ажиллагаа, ойлголцол их чухал  болох нь харагдаж байна” гэсэн юм.