Хамгийн хүнд хэцүү үе ард хоцорсон мэт санагдаж, таны хүүхэд илүү бие даасан, тантай чөлөөтэй харилцаж, шүд ургах, гэдэс дүүрэх мэт асуудлууд ард хоцорчээ. Гэхдээ энэ бол эцэг эхчүүдийн хамгийн том эндүүрэл юм. Энэ үед хүүхдүүд онцгой “хямралыг” даван туулдаг. Хоёр наснаас эхэлж хүүхэд болон эцэг эхчүүдийн амьдралд хамгийн сонирхолтой үе эхэлдэг. Яг л энэ үед эцэг эхчүүд тэвчээртэй байж, хүүхдийг бие даахад, хувь хүний төлөвшилд туслах хэрэгтэй болно. Хэрэв та хоёр настай хүүхдийн сэтгэл зүйг мэддэг бол танд эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүүхдийн хоёр насны үеийг даван туулахад хөнгөн байх болно. Үүнээс гадна хүүхдийн зан чанар, үйлдэл, шалтгааныг мэдэж байгаа бол та хүүхдэд хандах хандлагаа өөрчилж, өөрийгөө уурлуулж, уцаарлахгүй байлгаж чадах юм.

Саяхныг хүртэл таны хүүхэд дуулгавартай, эелдэг, тайван байсан бол өнөөдөр орилж, хашгирч, хөлөө дэвслэж, юм болгонд асуудал үүсгэж байна уу? Хүүхдийн энэ байдал эцэг эхчүүдийг уурлуулж, сэтгэлээр унагаж, хүүхэд яагаад байгааг ойлгохоо болиход хүргэдэг. Тэд хүүхдээ тайвшруулах арга олохгүй, хүүхдээ ийм л ааштай гэж боддог. Гэвч энэ бол хоёр настай хүүхдийн хямрал юм.

Хүүхэд албаар ингэж биеэ авч явж байгаа гэж бодох хэрэггүй. Хүүхэд өөрт нь юу болоод байгааг ойлгодоггүй. Сэтгэл зүйн үйл явц гэнэтийн болон албаар гэсэн шинж чанартай байдаг боловч тэд ямар ч төлөвлгөөгүй байдаг учир гэнэт үүсэж, хурдан мартагддаг. Мөн тэд өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй учир огцом уурлаж, уйлж, уур хилэнтэй болдог байна. Гэсэн хэдий ч хүүхдүүд удаан хугацаанд төвлөрч, өөрт сонирхолтой үйл явдлуудыг сонирхож чаддаг. Тиймээс уйлж, уур уцаартай байх үед тэднийг сатааруулж, мартагнуулах маш амархан. Хэрэв хүүхдийг зөв үед сонирхолтой зүйлээр сатааруулж чадвал хүүхдийг зөөлрүүлж чадах юм.

Хүүхдийн хоёр насны хямрал хэдий хэр хугацаанд явагдаж, үргэлжилдэг гэдгийг хэлэхэд хэцүү. Зарим хүүхдүүдийнх огт мэдэгдэхгүй өнгөрдөг бол зарим хүүхдийнх хэдэн сараар үргэлжилж эцэг эхчүүдийг хүндхэн сорилтонд оруулдаг байна. Ямар ч тохиолдолд энэ бол түр зуурын үзэгдэл юм. Хэрэв эцэг эхчүүд та бүхэн зөв шийдвэр гаргаж, зөв үйлдэл гаргавал энэ асуудал дороо шийдэгдэнэ.

Ихэнх тохиолдолд хүүхдийн хямрал эсэргүүцлийн хэлбэрээр илэрдэг. 

Таны хэлсэн бүх зүйлд хүүхэд үгүй гэж хариулах болно. Жишээлбэл хүүхэд хувцаслахад, хоол идэхэд, гадаа гарахад, дэлгүүр ороход асуудал үүсэж мэднэ. Харин ийм үед хэзээ нь буулт хийж, хэзээ нь хатуу чанга байх ёстой вэ? Хэрэв хүүхэд залгуур оролдож, халуун цайтай аяга татах гээд байвал энэ үед хатуу хэлэх хэрэгтэй. Түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй бүхий л зүйлд чанга, хатуу хандах хэрэгтэй. Мөн хүүхэд усанд орох, унтах болсон үед ч чанга хатуу байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд хэцүү байх болно. Энэ үед хүүхдэд дагах ёстой зарчим байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Харин зугаалах, тоглох үед хүүхдэд өөрийнхөөрөө байх боломжийг олго. Хүүхдийг өөрөөр нь сонголт хийхийг зөвшөөр. Зарим тохиолодолд хүүхдийн зарим зүйлсийг тоохгүй өнгөрөөх хэрэгтэй. 

Хүүхэд бүр, эцэг эх бүр энэ үеийг даван туулдаг учир бүү сандар, бүү уурла, сэтгэлээр бүү уна. Удахгүй бүх зүйл өнгөрөх болно!