АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан цаашид хурцдахгүй хэмээн Хятадын засгийн газар үзэж байна гэж тус улсын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт буюу өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
 
Түүний хэлснээр, “Хоёр улсын төлөөлөгчдийн Вашингтонд хүрсэн тохиролцооны нөхцөлүүдийг Хятад улс биелүүлнэ. Тун саяхан Бээжинд хийсэн худалдаа, эдийн засгийн зөвлөлдөөний нарийн заалтуудыг хоёр тал баталсан” ажээ.
 
Тавдугаар сарын 17-18-нд Вашингтонд болсон зөвлөлдөөний үеэр хоёр улсын төлөөлөгчид худалдааны тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу Хятад улс АНУ-аас их хэмжээний шар буурцаг, эрдэнэ шиш, байгалийн хий, түүхий газрын тос, нүүрс болон бусад бүтээгдэхүүн худалдан авахаар болжээ. Америкийн болон Хятадын түшмэдийн тооцоогоор ийм импортын нийт хэмжээ нь эхний жилд 70 тэрбум ам.долларт хүрэх юм байна.
 
АНУ-ын худалдааны сайд  Уилбур Росс зургадугаар сарын 2-4-нд Бээжинд айлчилсан ба энэ үеэр хийсэн худалдаа-эдийн засгийн яриа хэлэлцээнээс ахиц дэвшил гарсан тухай өмнө нь СИНЬХУА агентлаг мэдээлсэн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг