Яруу найрагч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэн ходоодны хорт хавдар өвчин туссан бөгөөд эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа.

Тэрбээр өөрийн эмчилгээний мөнгийг бүрдүүлэхийн тулд өөрийн номыг худалдан авахыг олон нийтээс хүссэн юм. Тэгвэл Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн эмчилгээний төлбөрт Засгийн газраас 25 сая төгрөг хандивлахаар болсон байна. Үүний 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 10 сая төгрөг, Эрүүл мэндийн яам таван сая төгрөг хандивлахаар болсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний эмчилгээнд анхаарлаа хандуулж, хувиасаа туслана гэдгээ цахим хуудсаар дамжуулан илэрхийлсэн бөгөөд “Херо энтертайнмент”, “Алтан жолоо” групп, "Бид номонд дуртай" нийгмийн сүлжээний группын гишүүд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна. Бас “МИАТ” компани онгоцны зардлыг нь даахаа мэдэгдээд байгаа аж.