Энэ сарын нэгэнд болсон  “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурлын үеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар, МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан О.Анужин нартай ярилцлаа.   

МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн 4-р түвшний оюутан О.Анужин

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт хүүхдээ сургачихвал миний хүүхдийн хичээлийн дүнгээс нь доош татах байх гэх мэтчилэн эцэг эхчүүдийн буруу ойлголт, хандлагууд нийгэмд сөргөөр нөлөөлж байдаг. Ийм болохоор тэгш хамруулах боловсролын хүрээнд хамтдаа сурч буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэвийн хүүхдүүдэд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг бид судалгааны хүрээнд сонирхсон.

Эцэг эх нь багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаараад манай хүүхдэд анхаарахгүй болохоор сурлага нь муудна. Тэр хүүхдүүдтэй хамт сурахаар хүүхдийг нь гэмтээх, сэтгэл зүйн хувьд нөлөө үзүүлнэ гэдэг ч юм уу тийм сөрөг хандлагууд их байдаг гэдгийг өмнөх судалгааны ярилцлагуудаар гаргаад ирчихсэн.

Бидний судалгааны үр дүнд хэвийн хөгжилтэй хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт суралцахаар бусдын бэрхшээлийг ойлгодог болдог. Хэвийн хөгжилтэй хүүхдүүдийн бусдыг ойлгох, бусдад туслахыг эрмэлзэх, хүн бүр ялгаатай байдгийг мэдрэх, түүнд нь хүлээцтэй хандах зэрэг маш олон чадварыг нь дэмжиж өгдөг гэсэн ийм судалгааны үр дүн гарсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар

Би 1993 онд аваарт ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон. Тэр үед хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусдаа л байх ёстой гэсэн хандлага байлаа.

Энэ хандлага нэг үе өнгөрч байж, 20-30 жилийн дараа өөрчлөгддөг юм байна. Одоо тэр үеийг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог болчихсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүмүүсээс ичихээ больж, бусадтай адил мөр зэрэгцээд ажиллаж, сурдаг боллоо.

Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй хамт сурах шийдвэр гарсан ч амьдрал дээр  тэднийг хүлээж авах сургуулийнх нь хандлага, хамт олных нь хандлага, хүүхдүүдийн эцэг эхийн хандлага нь зөв болоогүй учраас үүнийг өөрчлөх ажлыг их хийх ёстой. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энгийн хүүхдүүдтэй хамт суралцсанаар насан туршдаа өөрөө өөрийнхөө амьдралыг авч явах чадвар нь батжиж байдаг учраас хүн бүр хүчин чармайлт гаргах нь чухал.

Видео үзэх: