Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг ирэх даваа гарагаас бууруулна. Үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр А/1280 тоот захирамж гаргалаа. 

Захирамжийн агуулга нь:

2020 оны 12 дугаар сарын 14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэх үйлчилгээний байгууллагууд коронавирусийн халдвараас сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахад тавих шаардлага, хэрэгжилтийг хянах, удирдлагаар хангах, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэх, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. 

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж буй 8 үйлчилгээнээс бусад 52 төрлийн үйлчилгээг эрсдэлийн зэргээр нь нэг бүрчлэн авч үзээд 18 төрлийн үйлчилгээний байгууллагаас бусад чиглэлийн үйл ажиллагааг энэ сарын 14-нөөс нээх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий эдгээр 18 төрлийн үйлчилгээний байгууллагыг цаашид үе шаттай нээх юм.