Пүнгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжлах гэж буй Өмнөд Солонгосын сэтгүүлч тус бүрээс 10 мянган ам.долларын хураамж төлөхийг БНАСАУ-ын төлөөлөгчид шаардсан байна. Энэ тухай Сөүл дэх нэгэн эх сурвалж ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээллээ.
 
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын тал сэтгүүлчдээ Умард Солонгос руу илгээхгүй байхаар шийдвэрлэжээ.
 
Өмнө нь мэдээлж байснаар, Умард Солонгосын тал Пунгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслолыг сурвалжилна уу хэмээн Өмнөд Солонгосын 8 сэтгүүлчийг урьсан аж.
 
Хоёр Солонгос дипломат харилцаа тогтоогоогүй учраас дээрх сэтгүүлчид Хятад дахь БНАСАУ-ын ЭСЯ-наас виз болон дагалдах баримт бичгүүдийг авах ёстой байв. Үүний дараа буюу 22-ны өдөр Умард Солонгосын Вонсан хотын ойролцоох Кальма нисэх онгоцны буудалд захиалгат нислэгээр хүрэлцэн очоод дараа нь галт тэргээр цөмийн туршилтын талбайд ирэх ёстой байжээ. Өмнөдийн сэтгүүлчид 26 эсвэл 27-ны өдөр Умард Солонгосоос явах ёстой бөгөөд гадаадын сэтгүүлчдийн зардлыг даана гэдгээ Пхеньян мэдэгдсэн юм.
 
Сануулан дурдахад, БНАСАУ-ын ГХЯ 12-ны өдөр мэдэгдэхдээ “Пунгэри дэх цөмийн туршилтын талбайг хаах ёслол 5 дугаар сарын 23-25-ныг хүртэлх өдрүүдийн аль нэгэнд болно” гэж байсан билээ. Арга хэмжээг цаг агаарын байдлаас шалтгаалан товлох ба уг ёслолд ОХУ, Их Британи, БНХАУ, БНСУ, АНУ-ын сэтгүүлчид оролцоно гэж тус яам мэдэгдсэн байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг