Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Хурд хамтлагийг хүлээн авч уулзаж байна. "Хурд" хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээ мэдэгдлээ. Гэртээ суугаад HDМонгол телевизээр Хурд хамтлагийн тоглолтыг үзэхийг уриаллаа.

Энэ удаа онлайн тоглолт хийж эмэгтэйчүүдээ баярлуулахыг хүсэж байна. Анх удаа онлайнаар "Буцааж нэхэхгүй" хайр тоглолтоо Монгол НD телевизээр цацахаар болсон гэдгийг та бүхэнд дуулгая. Энэ бол бид бүхний хийх ёстой ажил. 

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Та бүхнийг эх орноо хайрлаж, урлагийн хамт олныг түүчээлж сайн үйлсийн аянд нэгдэж байгаад баярлаж байна. Онлайн хэлбэрээр тоглолт хийхээр болж байгаад баяртай байна. Сонирхолтой санагдлаа. Өглөө сэрэхэд л коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна. БНСУ сэтгэл түгшээж байна. Тэнд манай 48 мянга гаруй иргэд бий. Европын орнууд гэхэд хүнд нөхцөл байдалтай байна.Тийм учраас Улсын онцгой комисст тайвширч суух эрх байхгүй. Иймээс ч сар шинийн өдрүүдээр хуралдлаа. Цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраар ч хөл хориог үргэлжлүүлнэ.

Зарим нислэгүүдийг зогсоохоор өөр аргагүй болж байна. Замын Үүд, Буянт-Ухаагийн боомтоор зарим хөдөлгөөнийг хүлээж авна. Бид энэ вирусийг ороод ирвэл ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй. Гэхдээ ороод ирсэн тохиолдолд бэлэн байдлыг хангана. Та бүхний өгч байгаа хандивт баярлалаа. Та бүхний хандив сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай гэж ерөөе. Та бүхэн дуу хуураараа төдийгүй нийгмийн хариуцлагаараа уриалж байгаад баяртай байна хэмээв.