Татварын Ерөнхий Хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн холбоодын /Монголын Санхүүгийн Зах Зээлийн Холбоо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Монголын Хувьцаат Компаниудын Холбоо/ зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол улсад эдийн засгийн өсөлттэй байгаатай холбоотойгоор Хөрөнгийн зах зээл 2016 оноос хойш идэвхжиж байна. Тухайлбал, сүүлийн хоёр жилд 11 компани хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа олон нийтэд санал болгож, 62 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Түүнчлэн 2017 оноос хойш “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн зах зээлийн үнэлгээ 1,4 тэрбум - 2,4 тэрбум төгрөг болж, TOP20 индекс 12,690.99 - 20,248.24 болж тус тус өсөөд байгаа нь олон нийтийг хөрөнгийн зах зээл руу татах хөшүүрэг болж байна. Татварын таатай орчин, нөхцөл бүрдэхийн хэрээр Хөрөнгийн зах зээл идэвхждэг.

Гэвч “Татварын багц хууль”-ийн зүйл заалт нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2018 онд баталсан “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийн баримт бичгийн агуулгатай шууд зөрчилдөж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудаас энэ асуудлаар Сангийн сайдад 2018 оны 3-р сарын 26-ны өдрийн 39 дугаартай хамтарсан албан бичгээр удаа дараа хандаж байсан боловч харамсалтай нь тус саналууд нь “Татварын багц хууль”-д тусгагдаагүйгээр үл барам харин ч эсрэгээр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа зах зээлд эерэг хуулийн зүйл, заалтууд хасагдсан болно.

Өмнө хүргүүлж байсанчлан бидний зүгээс дараах саналуудыг дахин хүргүүлж байна. Үүнд:

  1. “Төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө буюу хураамжийн хэмжээг төрийн зохих байгууллага нь ажил үйлчилгээгээ тогтмол мөнгөн дүнгээр үнэлж тогтооно” гэж өөрчлөлт оруулах
  2. Хөрөнгө оруулалтын сангийн орлогод ногдох татварыг хуучин хэвээр үлдээх
  3. “Хувьцаат компанийн олгосон ногдол ашиг болон хувьцаа үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсан, шилжүүлсний орлого, үнэт цаасны зах зээлд нээлттэй санал болгож буй компанийн өрийн хэрэгслийн орлого” гэж нэмэх

Дээрх саналуудыг хуулинд тусгаснаар дараах эерэг байдал бий болох юм. Үүнд:

  1. Зээлийн хүү буурч, ААН-үүдэд очих зээлийн дарамт багасч санхүүжилтын альтернатив эх үүсвэрийн хэмжээг ихэсгэнэ.
  2. Компаниуд олон нийтийн ХК болсноор иргэд эдгээр компаниудын үр ашгийг шууд хүртэнэ.
  3. Компаниудын засаглал, ил тод байдал сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэнээр монголын эдийн засаг тэлэх боломж сайжирна.
  4. “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааны иргэдэд очих ногдол ашиг татвараас чөлөөлөгдөнө.
  5. “Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.6-д “иргэндээ ээлтэй, эдийн засагтаа үр өгөөжтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ”. гэж заасныг хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлнэ.