Н.Жавхлан
01 сарын 20, 2025
Эмэгтэйчүүд түүхэндээ урьд хожид байгаагүй их хэмжээний хөрөнгийг эзэмших болсон талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Өнгөрсөн сарын 10-нд Bloomberg “Эмэгтэйчүүд, мөнгө ба хүч чадал” гэх арга хэмжээг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд дэлхийн санхүүгийн салбарт нөлөө бүхий эмэгтэйчүүдийн төлөөллүүд хүрэлцэн ирж санхүүгийн зах зээл ба эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцжээ.
Зочдын нэг Citi Private Bank-ийн АНУ, Ази, Европын бүс нутаг дахь үйл ажиллагааг хариуцсан ерөнхийлөгч Аида Лю
“Эмэгтэйчүүд дэлхийн нийт баялгийн гуравны нэгийг эзэмшиж байгаа бөгөөд ирэх таван жилийн дотор 30 их наяд ам.доллар буюу нийт зах зээлийн 50 хүртэлх хувийг эзэмшинэ гэж онцлон хэлсэн байна.
Мөн тэрбээр “Өнөөдөр эмэгтэйчүүд бид түүхэндээ тэмдэглэгдэхүйц буюу санхүүгийн хувьд чухал тоглогчид болсон. Ирэх арван жилд энэ тоо улам өсөж 100 их наяд ам.долларын баялаг дараагийн үеийн эмэгтэйчүүдэд өвлөгдөнө” гэжээ.
АНУ-д 2030 он гэхэд 34 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг эмэгтэйчүүд атгаж, хөдөлгөх төлөвтэй байгааг McKinsey&Co-ийн судалгаа харуулж буй. Энэ үзүүлэлт 2030 он гэхэд өссөөр 38 хувьд хүрэх төлөвтэй байна.
Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол хүн амын бүтэц юм. Baby boomer буюу 1946-1964 оны хооронд төрсөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар таван жил илүү насалж буй. Тэр хэрээрээ гэр бүлийн хөрөнгө эхнэрт нь өвлөгдөж байна. Түүнчлэн, эмэгтэйчүүд өндөр цалинтай ажилтай ажилд орж, бизнест хүч сорьж буй нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нөлөөлжээ.
“Dynasty Institute for Adaptive Leadership”-ийн удирдагч Кейси Йоргенсен энэ талаар
“Эмэгтэйчүүдийн гэр бүл дэх санхүүгийн оролцоо улам бүр нэмэгдсэн санхүүгийн шийдвэрүүдийг гаргаж байна. Үүнд гэр бүл салалт, өв залгамжлал, ажил карьерын өсөлт зэрэг олон шалтгаан бий” хэмээжээ.
Мөн Bloomberg-ээс гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 13 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд энэ тоо жил ирэх тусам өсөх хандлагатай байна.
АНУ-д 50 жилийн өмнө хувьдаа банкны данс, зээлийн карт нээх боломжгүй байсан эмэгтэйчүүдийн хувьд дээрх тоонууд нь түүхэн өөрчлөлт билээ.
Сонирхуулахад, судалгаанаас үзэхэд энэ салбарт эрчүүдийн олдог доллар бүрээс эмэгтэйчүүд 84 центийг авдаг аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.