Улаанбаатар медика эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч, Клиникийн профессор Ж.Сарангэрэлтэй хөхөнцөр вирус, умайн хүзүүний хорт хавдраас хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.


Гоо сайхандаа цаг гаргадаг шигээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх цаг гаргаж сураарай

Тэрбээр эмэгтэйчүүд амьдралын төлөө зүтгэж явсаар эрүүл мэндээ үл хайхардаг ихэмээн онцлон хэлж байна. Дээр нь “Гайгүй байлгүй дээ” гэсэн хэнэггүй зангаасаа болж умайн хүзүүний хорт хавдар өвчнийг улам хүндрүүлэх тохиолдол олон байдаг гэв.  

Өгсөн шинжилгээгээ хүртэл ирж авдаггүй эмэгтэйчүүд цөөнгүй гэнэ. Тэдний дунд умайн хүзүүний хавдрын өвчлөл нь дөнгөж эхэлж байгаа, яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай эмэгтэйчүүд ч бий.  

Умайн хүзүүний хавдар монгол эмэгтэйчүүдэд их тохиолдож байгаагийн нэг баталгаа нь өвчлөлийн тоо. Манай улс умайн хүзүүний хорт хавдраас шалтгаалсан нас баралтаараа Африкийн орнуудын дараа орж байна.  

Үүнээс нь харамсалтай нь эмнэлэгт хандсан эмэгтэйчүүдийн 70 хувь нь хожуу шатанд оношлогддог. Бие сэтгэл зүйн хувьд төдийгүй эдийн засгаараа хохирч шаналж яваа эдгээр бүсгүйчүүдийн эмнэлэгт эрт л хандсан бол эдгэрэх бүрэн боломжтой гэдгийг Ж.Сарангэрэл хэллээ.  

Тэрбээр “Эмэгтэйчүүд хөхөнцөр вирусаа оношлуулахгүй явсаар умайн хүзүүний хорт хавдар болгож даамжруулж байна. Уг нь эрт илрүүлбэл эдгэх магадлал нь 95 хувь байдаг юм шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд гэнэт л цус алдаж эмнэлэгт ханддаг. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь аль хэдийн хавдрын хүнд шатанд орчихсон байдаг. Өвчтөндөө хавдартай, эдгэхгүй, эцсийн шатандаа оржээ гэж хэлэх ямар хүнд гэж санана. Хожуу үе шатандаа буюу 3, 4 дүгээр үе шатандаа умайн хүзүүний хорт хавдраар оношлогдвол хагалгаанд орно, туяа эмчилгээ хийлгэнэ. Энэ мэтээр зардал өндөртэй, хагалгаанд орлоо ч эмчилгээний үр дүн багатай байдаг. 


Тиймээс л  би охид, бүсгүйчүүдэд аль болох эрт шинжилгээндээ ор гэж зөвлөдөг.   

Эмэгтэйчүүд үсчин, гоо сайханд орохоо мартдаггүй. Үүн шигээ л эмэгтэйчүүдийн үзлэгт заавал цаг гаргаж үзүүлээд сурчих л хэрэгтэй. Ингэснээр эмэгтэй та өөрийгөө олон эрсдэлээс хамгаалдаг юм шүү.  Хэрвээ хөхөнцөр вирустэй, умайн хүзүүний улайлт, үрэвсэлтэй бол эмчдээ тогтмол үзүүлээд эмчилгээгээ хийлгээрэй.  Орчин үед хөхөнцөр вирусын эсрэг вакцин хүртэл гарчихсан.” гэлээ. 


Залуу эмэгтэйчүүдийн 70-аад хувь нь хөхөнцөр вирусийг тээдгийг мэдэх үү?


Умайн хүзүүний хорт хавдар 35-60 насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолдож байна. Яагаад энэ насныханд оношлогдож байна вэ гэхээр залуудаа хөхөнцөр вирус тээсэн эсэхээ оношлуулаагүй хэрэг. 

Хөхөнцөр вирус гэдэг нь ганцхан гаднаас халдварлаж авдаг зүйл биш. 

Хүний биед тодорхой хэмжээнд байдаг. Энэ нь устаж үгүй болох уу, даамжирч хорт хавдар болох уу гэдгийг л үзүүлж хянуулж байх ёстой юм. 

30 нас хүрэхээс өмнө эсийн түвшинд өөрчлөлттэй байвал хавдар болохоос нь өмнө эмчилж эдгээж болдог.

20-21 настай эмэгтэйчүүд ч хөхөнцөр вирус тээгч байдаг, үүнийгээ л үзүүлэхгүй, шинжилгээ хийлгэхгүй яваад байвал 40 нас дөхөхөд хорт хавдар болтлоо хүндэрч, хожуу үе шатандаа оношлогдоно гэсэн үг.

Хоолойны нянгаас болж өвчилснөө бэлгийн замын халдвартай болчихлоо гэж эндүүрдэг

Охид бүсгүйчүүдийн дунд гэхэд үтрээний үрэвсэл эрс ихэсчихлээ. Үүний цаана бас шалтгаан байна. Жишээ нь үтрээний үрэвсэл, улайсалт ахуйн замын вирусээс болж үүсдэг тал бий. Ахуйн замын гэдэг нь шүдний өвчлөлийн, хоолойны идээт үрэвслийн, батга үүсгэгч нянгуудаас болж өвчилж болно. Эдгээр нянгууд цусаар дамжиж ходоод, бөөрөнд очиж, шээсний замаар гадагшлахдаа үтрээ орж халдварлуулдаг. 

Иймээс л үтрээ үрэвсэлчихлээ, элдэв бэлгийн замын өвчин авчихлаа гэж айж эмээхгүйгээр эмнэлэгт хандаарай гэж захимаар байна.


Хамгийн найдвартай оношлогоо арга нь лабораторын түвшинд  эсийн шинжилгээ өгөх юм


Дэлхий нийт умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хөхөнцөр вирусийг илрүүлэх шинжилгээнд анхаарал хандуулж байна. Шинжилгээний арга нь ч боловсронгуй болж хөгжсөн. Тухайлбал эмэгтэйчүүд өөрөө арчдасаа аваад вирустэй эсэхээ ч оношлуулчихдаг болчихлоо. Манай улсад хараахан нэвтрээгүй. 

Ер нь хөхөнцөр вирустэй эсэхээ мэдэх хамгийн найдвартай аргыг эсээ лабораторын түвшинд оношлуулах юм. Гэхдээ эсийн шинжилгээ, лабораторын шинжилгээ хоёр хоорондоо өөр гэдгийг сануулъя.  Учир нь монголд хийгддэг эсийн шинжилгээ хөхөнцөр вирусыг 50 хувьтай л илчрүүлж чаддаг. Энэ нь хоёр шинжилгээ тутмын нэг нь буруу гардаг гэсэн үг. Харин манай Улаанбаатар медика эмнэлэгт хийгддэг лабораторын шинжилгээ нь 28 төрлийн вирусийг илрүүлдэг тул баталгаатай гэж ойлгож болно.

 Улсын хэмжээнд 2021 онд 300 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон байдаг. 

Шинж тэмдэг:

Зарим тохиолдолд үтрээнээс үл ялиг цус эсвэл ялгадас гарах, бэлгийн харилцааны дараа үтрээнээс үл ялиг цус гарах шинж тэмдэг бий. Иймээс эмэгтэйчүүд биед ямар нэгэн зовиур, шинж тэмдэг илрээгүй үед ч умайн хүзүүний эсийн шинжилгээ, хөхөнцөр вирусын шинжилгээ өгч, эмэгтэйчүүдийн үзлэгт хамрагдаж байх нь чухал. Мөн бэлгийн харилцаанд эрт орох, бэлгийн олон хавьтагчтай байх, жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уух зэрэг нь өвчлөлийн явцыг хурдасгана.