Л.Дэлгэрмаа
09 сарын 22, 2022
“Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ энэ өдрүүдэд үргэлжилж байна. Энэ үеэр зохион байгуулагдсан TEDxUlaanbaatar "AGENTS OF CHANGE"-ийн илтгэгч, уулын инженер, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн дарга О.Туяагийн илтгэлийг хүргэж байна.
“Хурдхан шиг наад олон эрчүүдээсээ нэгийг нь сонгоод, хүүхэдтэй болоод ав...”
Би өөртөө хэт итгэлтэй онц сурлагатай охин байлаа. Бас ангийн дарга. Гэвч тэр бардам охин яг элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд хүссэн сургуулиа, хүссэн мэргэжлийн хуваариа авч чадаагүй юм. Тэнцээгүй хэрэг.
Аргагүйн эрхэнд уул уурхайн салбарын талаар мэдлэггүй би уулын ашиглалтын ангид дурамжхан элсэн орсноор уул уурхайтай холбогдох миний түүх эхэлжээ.
Анги маань 50 залуу, ердөө 5-хан охинтой. Эргэн тойрныхон маань эмэгтэй хүн уул уурхайн салбарт ажиллаж яадаг юм, диспетчерээс дээшээ гарахгүй, “Хурдхан шиг наад олон эрчүүдээсээ нэгийг нь сонгоод, хүүхэдтэй болоод ав” гэж зөвлөнө.
Итгэл үнэмшил сул дээр иймэрхүү яриа улам ч нэрмээс болж сэтгэлдээ гомдол тээнэ.
2 дугаар курсдээ уулын ажилд дадлага хийв. Тэнд Заамарын алтны уурхайд аварга том хөвөгч баяжуулах үйлдвэр босгоод удирдаж байгаа бүсгүйг харснаар миний мэргэжлээ харах өнцөг эрс өөрчлөгдсөн. Энэ хүн бол “Монполимент” компанийн захирал Ц.Гарамжав байлаа.
Эмэгтэй хүн энэ салбарт ингэж бүтээж чаддаг юм байна гэдэг асар том итгэл үнэмшлийг зүрх сэтгэлдээ тээж билээ. Үлгэр дуурайлал болгосон тэр эмэгтэй надад олон зүйлийг ойлгуулсан. Яагаад тоо бүртгэгч гэж эмэгтэйчүүд уурхай удирдаж чадах нь байна шүү дээ. Тэр мэдрэмж одоо ч сэтгэлд хадаатай байдаг.
Энэ итгэл үнэмшлээрээ мэргэжилдээ улам дурлан хичээн суралцсаар их сургуулиа амжилттай, аз жаргалтайгаар төгссөн юм.
“Чи чадах уу” буюу хэвшмэл ойлголтын хүлээс
“Уулмын мастераар ажиллана гэсэн үү? Эмэгтэй хүнд хэцүү ажил шүү дээ. Чи чадах юм уу”. Энэ бол сургуулиа төгсөөд Багануурын уурхайдаа ажилд ороход надаас асуусан асуулт. Мэдээж би уулын мастер болмоор байна гэж түрүүлж хэлсэн л дээ. Өнөө л өөртөө итгэлтэй зангаараа шулуухан хэлчихсэн.
Гэхдээ өнөө л зарчим, хэвшмэл ойлголтоор бичиг хэргийн ажилтанаар ажилд орж билээ. Өнөөдөр эргээд сайнаар харвал хөдөлмөр хамгааллын нөхцөл тэр хүндхэн үед намайг хайрласан ч хэрэг юм болов уу гэж боддог.
Бичиг хэргийн ажилтнаар орсон бид Багануурын уурхайдаа 18 жил ажиллаж уул уурхайтай амьдралаа холбожээ.
Үүнээс сүүлийн 3 жилд нь хүний хөгжлийн судалгаа эрхэлсэн дэд захирлыг ажлыг ч хийлээ.
Чин сэтгэл, итгэл үнэмшлийг өвлүүлж болдог
Ажил хариуцаж байх үед Багануурын уурхайд үе солигдсон юм. Нэг талд мэргэжилдээ үнэнч, ажилдаа хайртай, байгууллагынхаа зүрх нь болсон сайхан ажилчин ах эгч нар маань олноороо тэтгэвэртээ гарч байв.
Нөгөө талаас залуу шижигнэсэн шинэ үеийнхэн орж ирсэн. Залуу нас хүсэл мөрөөдлөө уурхайд зориулсан ахмадууд, хүсэл тэмүүлэл дүүрэн залуусыг холбох нь миний үүрэг байв.
…Эгэл жирийн малчин залуу ирээд бүтээн байгуулалтад хамтдаа тоосго өрж явсан, нарийн мэргэжил эзэмшээд 40-өөд жил экскаваторын машинчаар ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар Нямцэрэнгийн Мөнхбаяр ах маань тэтгэвэрт гарах боллоо.
Тэр үед хүндэтгэл үзүүлж үдэхдээ 17 Монгол Улсын хөдөлмөрийн баатрыг урьсан арга хэмжээ зохион байгуулсан юм.
Алтан уурхайдаа аминаасаа бусдыг зориулж байсан ахмадууд маань тайзнаа гараад “Би л үүнийг хийх ёстой” гэсэн эргэлт буцалтгүй итгэл үнэмшлээрээ цаг нартай уралдан ажилдаа улайрч явсан тухай түүхээ чин сэтгэлээсээ хуваалцаж билээ.
400 гаруй залуус тэр яриаг анхааралтай чагнаж суусан юм, тэднийг хөдөлгөж байсан тэр их хүч, итгэл үнэмшлийг нь сонсох бидэнд үнэндээ сонин л байсан.
Яагаад гэвэл яг үнэндээ бидэнд үүнийг л хийх ёстой гэсэн итгэл үнэмшил, хөдөлмөр шүтэж амьдардаг тэр мэдрэмж, хол байсных биз ээ.
Тэдний ажиллах 30-40 жилийн хүгацаанд юу эс болох вэ дээ. Нийгмийн шилжилт, өөрчлөлт шинэчлэлт эрс өрнөсөн үе шүү дээ. Тайзан дээрх түүхээ хуваалцсан зарим хөдөлмөрийн баатруудын маань амьдралаа зориулсан салбар нь огт байхгүй болчихсон, үйлдвэр нь нурчихсан байсан. Ажиллаж байсан үйлдвэрийн аварга техникийг нь ачаад төмрийн хог гээд тушаачихсан гунигтай үе.
Багануурын уурхай ч бас тэр хүндхэн үеийг туулаад гарсан.
Чиглүүлэх мастер ч байхгүй болж, зарим уурхайчид ганзагын наймаанд явж “гахай” үүрч явсан зах зээлийн ороо бусгаа үед өнөө хэдэн хөдөлмөрийн баатар ах нар маань мөр зэрэгцэн ажилдаа чин зүрхээ зориулан уйгагүй ажилласаар байсан.
Тэр хэцүү үеийг бид туулж та нартаа энэ сайхан цагийг авчирсан юм шүү гэсэн ойлголтыг бидэнд итгэл төгс ойлгуулсан. Хүн гээч амьтан өөрийн гэсэн цаг хугацаандаа үнэн худалтайгаа хамт оршдог юм байна.
Гэхдээ хувь хүний түүх гэж байгууллагын түүх, байгууллагын түүх нь бүхэл бүтэн салбарын түүх болдог юм байна гэдгийг ойлгосон юм. Бүр маш хүчтэй итгэл үнэмшлийг ингэж олж авсан. Тэнд суусан залуус ч бас тэдний түүхийг зүрх сэтгэлдээ гүн шингээсэн гэж боддог.
Бид үл үзэгдэгчид байсан…
Уул уурхайн салбарт идэвх санаачлагатай, эрч хүчтэй ажилладаг мэргэжил нэгт эмэгтэйчүүд маань үргэлж эрчүүдээсээ нэг алхам ард явдаг. Би ч бас яг л энэ замыг туулсан. Яагаад гэвэл эмэгтэй учраас. Хийж байгаа ч үнэлэгддэггүй, хүлээн зөвшөөрөгддөггүй. Анх ажилд орохдоо л авсан хүйсийн таагүй хандлага мэдрэгдсээр л.
Өөрчлөлтийг хийх ёстойгоо би мэдэрсэн, тийм учраас гар бие оролцохоор шийдсэн. Энэ үед эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн байгууллага байгуулах санаачлага гарчихсан байв. Харин үүнийг ажил хэрэг болгож хэсэг нөхдийн хамт холбоогоо удирдах үүрэг надад оногдсон.
Холбооны эхний ажил маань эрдэс баялгийн салбар дахь эмэгтэйчүүдийн түүхээр ном гаргах. Энэ бол эмэгтэйчүүд гэж товойлгохдоо бус энэ салбарыг түүхийг эмэгтэйчүүдийн оролцоо талаас нь харуулах гэсэн хэрэг. Номын судалгааг хийхдээ маш олон хүн рүү утасдаж өчнөөн зузаан байгууллагуудын номыг судалсан.
Гэтэл уул уухайн салбарын 98 жилийн түүхэнд эмэгтэй гавьяат уурхайчин байдгийг олж мэдсэн. Үнэндээ гайхсан, мэдээгүй л байсан хэрэг.
Д.Нарантуяа эгчийг сураглаж утасны дугаарыг нь ч оллоо. Залгатал Нараа эгч Налайхын уурхайдаа ажил дээрээ байна гэв. “Та энэ салбарын анхны эмэгтэй гавьяат уурхайчин юм байна шүү дээ, яагаад мэдэгдээгүй юм бэ” гэхэд “Эгч нь ажил дээрээ байсан учраас тэсэлгээндээ яараад л явчихсан” гээд хээгүйхэн ярьж билээ.
Д.Нарантуяа эгч даруу байсандаа асуудал байгаа юм биш. Энэ салбар дахь эмэгтэйчүүдийн үнэлгээ, хүндлэл сул байсны л илрэл.
Жишиг өөрчилсөн түүх
Яг л ийм 1000 эмэгтэйчүүдийг бид олж мэдсэн. Шүүж хэлэлцсээр 50 эмэгтэйн түүхийг бүтээсэн.
"Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” номоо бүтээж явахдаа 1931онд Налайхын уурхайд ажиллаж байсан анхны гурван уурхайчин эмэгтэйгээс эхлээд хариуцлагатай уул уурхайн тогтолцооны үнэлгээний загварыг дараагийн түвшинд оруулсан залуухан эмэгтэйчүүдийг бид олж мэдсэн. Мэдээж тэр дунд залуудаа харж гүнээ хүндэтгэсэн “Монполимет”-ийн Ц.Гарамжав эгчийн түүх ч бий.
Сэтгүүл зүйн салбарт уул уурхайн чиглэлээр дагнан бичсэн Лунтангийн Болормаа сэтгүүлч агсныг хүртэл бид номдоо багтаасан юм.
Гурван хуруу зузаан номоос олсон хэдхэн тодорхойлолтыг эзнийг танд танилцуулъя.
…Залуу сайхан хүүхнийг хаанахын ямар салхи нь Ленинградын уул уурхайн факультетэд аваачсан юм бол…
Тэр бол Шарынголын уурхайн анхны ерөнхий инженер, орос эмэгтэй байв.
…Нүд баясгасан сайхан хүүхнүүд нь ээлжиндээ 5 кг-ийн хүрз бариад эрчүүдтэй мөр зэрэгцэн бүтээн байгуулалцаж явсан юм. Тийм л мятрашгүй эмэгтэйчүүд уурхайд ажиллаж байсан юм.
Ном бичих явцдаа 50 эмэгтэйн тодорхой хэсэгтэй уулзсан. Тэр уулзалтууд надад энэ бүх зоримог эмэгтэйчүүдийнхээ төлөө заавал юм хийх ёстой гэдэг итгэл үнэмшил тээсээр маш их сэтгэл хөдлөл, эрч хүн дунд бид энэ номыг бичсэн.
Нэг талаас биднийг үгүйсгэж байсан, нөгөө талаас эмэгтэйчүүд бид нэгнээ мэддэггүй, энэ салбарт өөрсдийгөө ямар их хувь нэмэр оруулсан гэдгээ ухаараагүй явжээ гэдгийг ч олж харав.
Оюутан байхдаа, ажил дээр гараад ч мэдэрдэг байсан үл үзэгдэгч эмэгтэйг би номондоо бичсэн.
Гэхдээ уул уурхайн салбарын 100 жилийн ойгоос цаашдын цаг хугацаанд бид энэ салбарт хүйсийн ялгаанаас үл хамааран эрх тэгш өөрийн ур чадвар, чадамжаараа хүлээн зөвшөөрөгдөх тогтолцоо бий болно гэдэгт би итгэж, хүсэж байна. Тэр ойлголцол одоо эхэлсэн, үүний төлөө бид хамтарч чадна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.