"Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган боллоо. Чуулганыг УИХ-ын ишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы үеэр хүүхдийн өмнө хариуцлага хүлээдэг салбар бүрийн төлөөлөл оролцож хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээгээ танилцуулж, амлалт өгөв.

Хүүхдийн эрх ямар ч албан тушаалтан, байгууллагын эрх ашгаас дээгүүр байх ёстой

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

"Хүүхдэд ээлтэй Монгол" үндэсний чуулганыг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы гол зорилго, үр дүнгийн талаар ийнхүү ярьж байна. Тэрбээр, 

Өнөөдрийн чуулган үндсэн хоёр зүйлийг хүүхдийн өмнө үүрэг хариуцлага хүлээгчдэд сануулж буйгаараа ач холбогдолтой. 

Нэгдүгээрт, НҮБ-ээс баталсан "Хүүхдийн эрхийн конвеци"-д манай улс 1990 онд нэгдэж, энэхүү конвецийг биелүүлэхээр үүрэг хүлээсэн. Энэ конвенцид тусгасан хамгийн гол санаа нь бүх эрх ашгаас дээгүүрт хүүхдийн эрх ашиг байна. 

Тухайн улсын төрийн байгууллага, хууль тогтоогчоос эхлээд хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа тухай асуудал хүүхдийн эрх ашигт нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг харгалзах шаардлагатай. Хэрэв хүүхдийн эрхийг зөрчиж байвал шийдвэр гаргахгүй байх, гарсан алдаагаа засаж залруулах үүрэгтэй. Гэвч өнөөгийн нөхцөлд бид конвенцийн дагуу хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй байна.

Монгол Улсад Ковид цар тахал дэгдэхээс өмнө жилдээ 25 мянган хүүхэд ээж, аав, асран хамгаалагчийнхаа хажууд гэмтэж, бэртэж, хүчирхийлэлд өртөж, амь насаа алдах тохиолдол ч гарч байсан. Энэ тоо Ковид цар тахлын үеэр 35 мянга болж өссөн. 

БСШУЯ, ЭМЯ, ХНХЯ, олон улсын байгууллагуудаас эцэг эхчүүдийн хариуцлагын талаар соён гэгээрүүлэх ажлыг хийдэг боловч өнөөдөр нийгэмд төдийлөн хүрэхгүй байна. 

Хоёрдугаарт, Сүүлийн үед нийгмийн сүлжээнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулж, хүүхдүүдэд анхаарал тавихгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, бид хүүхдэд үл хайхрах хүчирхийллийг үзүүлж байна гэсэн үг. Хүүхдүүд бэртэж, гэмтэх, амь насаа алдсан хариуцлагын ард эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал нөлөөлж байна үзэж байна. 

Ийм учраас одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дугаар зүйл заалтад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч болгон хүүхэд хамгааллын бодлоготой байна гэж тусгасан. 

Өнөөдөр бүх яамд, агентлагууд энэ заалтыг хэрэгжүүлэхээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ нь хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээгчид хүүхдүүдийн төлөө цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулж, эрхийг нь хамгаалахаа амлаж буй явдал юм. ” гэв.


Тэтгэмж олгогчийн орлогоос хамаарч хүүхдийн тэтгэмжийн хэмжээг тогтооно

Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Солонго:

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хууль зүй дотоод хэргийн салбар хооронд хэлэлцүүлэгийн хийж, үр дүнд нь яамны зүгээс дараах таван асуудлаар амлалт өглөө. 

Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү хуульд 1999 онд батлагдсанаасаа хойш томоохон өөрчлөлт ороогүй байгаа. 

Орох өөрчлөлтийн тухайд:

Хүүхдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, боловсрол олгох, эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү дэлгэрэнгүй тусгаж нарийвчлан зохицуулах

Гэрлэлт дуусгавар болох харилцаанд хүүхдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хүүхдээс тусдаа амьдарч байгаа эцэг эхийн үүргийг илүү нарийвчлан тусгах

Тэтгэмж олгогчийн орлоготой уялдуулан тэтгэмжийн хэмжээг тогтоох цаашдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар болон иргэний хэрэг анхлан шийдвэрлэх үйл ажиллагааг илүү сайжруулах байдлаар хүүхдийн тэтгэмжийг цаг тухайд нь олгодог байх эрх зүйн зохицуулалт хийхээр ажиллаж байна.

✔ Хүүхэд үрчлэхтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлэх тухай асуудлыг тусгасан.

Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэргийн ялын хариуцлагыг илүү чангатгахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах

Хоёрдугаарт, хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадваржуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулна. 

Гуравдугаарт, Цагдаагийн байгууллага дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж хүүхдээс мэдүүлэг авах  өрөөг шинээр байгуулахаар төлөвлөж байна.

Дөрөвдүгээрт, “Хөдөлмөрийн тухай хууль”-д ажил олгогч хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой заалт орсон энэ асуудлын хүрээнд манай салбар эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр яамнаас бодлогын хувьд дэмжихээр ажиллаж байна. 

Тавдугаарт, Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын хүүхдүүд ялангуяа сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хамрагдахгүй байх асуудал бий. 

Суурин бус газарт ажиллаж байгаа хил хамгаалах байгууллагын салбаруудын албан хаагчдын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, хүүхэд харах үйлчилгээ гэр цэцэрлэгийг салбар бүрд байгуулах чиглэлээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллахаар төлөвлөж байна. 

Цаашдаа Хууль Зүй Дотоод Хэргийн яам төлөвлөж буй ажлууддаа үр дүн гаргахын тулд хичээн ажиллах болно. Мөн хувийн болоод төрийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг илүү өргөжүүлж уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Та бүхнийг энэ чиглэлээр илүү санаачилгатай ажиллахыг уриалж байна. 


Хүүхдүүдийг эрэмбэлж нэгийг нь илүү, нөгөө нь дутуу мэт шагнал, өргөмжлөл олгохоо больё

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах таван саналыг дэвшүүллээ.

"2022 оныг боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарлаж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит үр дүнг хүргэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал. Сургууль дээр үүдний жижүүрээс эхлээд захирал хүртэл бүх шатны албан тушаалтнууд хүүхдийн өмнө ижил үүрэг хариуцлага хүлээдэг. Иймд бүх түвшний сургуулиуд ёс зүйтэй ажиллаж, хүний эрхийн мэдрэмжтэй дүрэм журмыг боловсруулж ажилалах нь чухал. Ингээд дараах таван саналыг дэвшүүлж байна. 

Нэгдүгээрт,  аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахдаа хүүхдүүдийг эрэмбэлж байр эзлүүлэн, медаль өргөмжлөл олгох зэргээр ялгаа үүсгэхээ больё.  

Үүний оронд хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол оролцоонд тулгуурласан хамтдаа хөгжих боломжтой өөр олон арга хэрэгсэл, хөтөлбөрийг дэмжиж хэвшил болгоцгооё. 

Хоёрдугаарт, тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохиодог арга хэмжээний нэршил, зохион байгуулалтын явц, үйл ажиллагааны үр дүнгийн хүлээлтээ өөрчилье.

Нэг ангид гэхэд л эцэг эхгүй, асран хамгаалагчгүй, гэр бүлд хүчирхийлэл болсон гээд олон янзын өнгө бий. Тэр ялгаатай байдлыг мэдрүүлдэг уламжлалт арга хэмжээг зогсоож, халъя.

Гуравдугаарт, бүх түвшний боловсролын байгууллага, төрийн бүхий л шатны байгууллагууд дотоод дүрэм журмаа эргэн харж, сайжруулъя. 

Дотоод журам дахь хүний эрх, хүүхдийн эрхийг хөндсөн заалтаа өөрчлөхгүй бол хэчнээн сайхан удирдамж,заавар гаргаад үр дүнд хүрэхгүй. Эдгээрийг шуурхай өөрчилж ирэх хичээлийн шинэ жилээс хэрэгжүүлж эхлүүлье. 

Дөрөвдүгээрт, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах зорилготой олон янзын дэгүүд байна.  Тухайлбал завсарлагааны дэг, ээлж солигдох үеийн дэг гэх мэтчилэн. 

Өвөл  -30 хэмийн хүйтэнд ээлж солихыг хүлээлгээд хүүхдүүдийг 30 минутаас нэг цаг гадаа зогсоох нь илт харагдаж буй хүүхдийн эрхийн зөрчил мөн. 

Иймд эдгээр дэгүүдийг цаг агаарын нөхцөл бйадал, хүүхдийг хүндэтгэх нөхцөлтэй уялдуулж уян хатан, хүүхдэд ээлтэй байдлаар зохицуулах ажлыг бүх түвшинд эхлүүлцгээе. 

Тавдугаарт, гэрийн даалгаврыг суралцагчийг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тухайн хүүхдийг дэмжиж, урам өгч, хөгжүүлэх шинэчлэлийг хамтдаа хийцгээе. 

Хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн насанд хүрэгчид бид хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож, хүүхдийн эрхийг хамагаалах нэгдсэн ойлголттой байх нь чухал байна. Хүүхдийн гэр бүл, нийгмийн орчинг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрсдийн хариуцсан ажлаа ухамсарлан биелүүлдэг байхыг уриалж байна" гэлээ. 

Энэ оны төсвөөс хүүхдэд зориулж 4 их наяд төгрөг зарцуулна

Сангийн дэд сайд Мөнгөнчимэг: 

Чуулганы дараагийн хэсэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Хүүхдэд ээлтэй төсөв, түүний үр нөлөөг сайжруулах нь" сэдвийн хүэрэнд  хүүхдүүдэд зориулан хэчнээн төгрөг улсын төсөвт тусгасан байгааг танилцууллаа. 

2018 оноос хойш улсын төсөвт хүүхдэд зориулсан мөнгөний хэмжээ нэмэгджээ. Тодруулбал 2018 онд 1.4 их наяд, 2019 онд 2 их наяд, 2020 онд 3 их наяд, 2021 онд 3.3 их наяд, 2022 онд 4 их наяд төгрөг болсон байна. Энэ нь сар бүр олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болж нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой юм. 

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Улсын төсвийн нийт зардлын 22 гаруй хувийг хүүхдэд зориулж зарцуулж байгаа нь хүүхэд хамгаалал, үйлчилгээнд хангалттай мөнгө тусгаж чадаж буйн илрэл мөн. Бид цаашдаа төсвөөр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна. 

Үүний тулд төсвийн мөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааныхаа үр дүнг хэмжүүр тодорхой болгох хэрэгтэй. Цаашдаа тодорхой үр дүнд хүрээгүй хөтөлбөрийн санхүүжилтийг танаж, үр дүнд хүрсэн сайн туршлагыг дэмжих байдлаа ажиллахаар зорьж байна. 

Төсөвт тусгасан өнөөгийн зардал, мөнгөн дүнгээр хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал гаргах зэргээр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бүрэн бололцоотой." хэмээн ярилаа. 


Манай улсад 3 хүүхэд тутмын 1 нь цахим хүчирхийлэлд өртөж байна

ЦХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ: 

Чуулганд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ оролцож цахим орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудалтай холбоотой тоон мэдээллийг танилцууллаа.

Дэлхийн нийт хүн амын 62.5 хувь нь интернэт хэрэглэдэг. Үүний 71 хувь нь хүүхэд, залуучууд байна  гэсэн тооцоо гарчээ. Мөн ЮНЕСКО-гоос 28 орны эцэг эхчүүдийг хамруулж авсан түүвэр судалгаагаар хүүхдүүдийн 17 хувь нь цахим хүчирхийлэлд өртдөг гэсэн олон улсын судалгаа гарчээ. 

Монгол Улсын хувьд нийт интернэт хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь хүүхэд залуучууд байдаг. Тэдний 85 хувь нь өдөрт хамгийн багадаа 1-2 цагийг цахим хэрэглээнд зарцуулдаг гэжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар манай улсын нийт өсвөр насныхны 60 гаруй хувь нь нийгмийн сүлжээ буюу фэйсбүүк, инстаграмм, тик ток зэрэг платформуудыг ашигладаг. Харамсалтай нь 3 хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртөж байсан гэсэн дүгнэлтэд хүрээд байна. 


ЦХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Тогтвортой хөгжлийн зорилтод хүүхдийн эрхийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийлэл, бие эрхтний наймаа, бэлгийн мөлжлөг зэргийг 2030 он гэхэд арилгах тухай тусгасан байдаг. Тэгвэл цахим орчин дахь хүүхдийн эрхийн хамгаалал, цахим хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шаардлага бий болжээ. 

Энэ талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ манай улсад ч, олон улсад ч хангалтгүй хийгдэж байгаа нь харамсалтай байна. Иймд та бид үүсээд буй нөхцөл байдалд илүү анхаарал хандуулж бодит шийдлийг хамтдаа хайж, гаргах, бүх хүүхдэд хүртээмжтэй хамгааллын бодлого хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна. 

Манай яамны зүгээс дөрөвдүгээр сард хуралдсан салбарын хэлэлцүүлгээрээ цахим орчинд баримтлах хүүхэд хамгааллын зөвлөмжийг боловсрууллаа. Бид цахим орчин дахь хүүхдийн хамгааллыг үр дүнтэй байлгахын тулд хувийн хэвшил, старт-ап компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тэр дундаа үүрэн холбооны оператор компаниуд хөдөө орон нутагт мэдээллийн технологийн лаборатори байгуулах зээрг ажлыг өрнүүлж байна. 

Ирэх зургаадугаар сарын 10-ний өдрөөс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран "Цахим боловсролын үндэсний хөтөлбөр"-ийг зохион байгуулна. Энэ бол үндэсний хэмжээнд бүх насныханд мэдээллийн боловсрол олгох, хаанаас өөрт хамгийн хэрэгтэй мэдээллийг авах вэ, хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ зэрэг мэдээллийг таниулах ажлыг системтэйгээр хүргэхээр төлөвлөсөн." гэлээ.