"Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд боллоо. Уг чуулганыг УИХ-ын ишүүн Б.Баярсайханы санаачилгаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон Улсын Хөгжлийн Эрх Зүйн Байгууллага, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы үеэр хүүхдийн өмнө хариуцлага хүлээдэг салбар бүрийн төлөөлөл оролцож хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө  хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээгээ танилцуулав. 

Энэ үеэр Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "2022 оныг боловсролын салбарын ёс зүйн жил болгон зарлаж, хүүхдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит үр дүнг хүргэхэд хүн нэг бүрийн оролцоо чухал. Сургууль дээр үүдний жижүүрээс эхлээд захирал хүртэл бүх шатны албан тушаалтнууд хүүхдийн өмнө ижил үүрэг хариуцлага хүлээдэг. Иймд бүх түвшний сургуулиуд ёс зүйтэй ажиллаж, хүний эрхийн мэдрэмжтэй дүрэм журмыг боловсруулж ажилалах нь чухал. Ингээд дараах таван саналыг дэвшүүлж байна. 

Нэгдүгээрт,  аливаа уралдаан тэмцээн зохион байгуулахдаа хүүхдүүдийг эрэмбэлж байр эзлүүлэн, медаль өргөмжлөл олгох зэргээр ялгаа үүсгэхээ больё.  

Үүний оронд хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол оролцоонд тулгуурласан хамтдаа хөгжих боломжтой өөр олон арга хэрэгсэл, хөтөлбөрийг дэмжиж хэвшил болгоцгооё. 

Хоёрдугаарт, тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохиодог арга хэмжээний нэршил, зохион байгуулалтын явц, үйл ажиллагааны үр дүнгийн хүлээлтээ өөрчилье.

Нэг ангид гэхэд л эцэг эхгүй, асран хамгаалагчгүй, гэр бүлд хүчирхийлэл болсон гээд олон янзын өнгө бий. Тэр ялгаатай байдлыг мэдрүүлдэг уламжлалт арга хэмжээг зогсоож, халъя.

Гуравдугаарт, бүх түвшний боловсролын байгууллага, төрийн бүхий л шатны байгууллагууд дотоод дүрэм журмаа эргэн харж, сайжруулъя. 

Дотоод журам дахь хүний эрх, хүүхдийн эрхийг хөндсөн заалтаа өөрчлөхгүй бол хэчнээн сайхан удирдамж,заавар гаргаад үр дүнд хүрэхгүй. Эдгээрийг шуурхай өөрчилж ирэх хичээлийн шинэ жилээс хэрэгжүүлж эхлүүлье. 

Дөрөвдүгээрт, сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах зорилготой олон янзын дэгүүд байна.  Тухайлбал завсарлагааны дэг, ээлж солигдох үеийн дэг гэх мэтчилэн. 

Өвөл  -30 хэмийн хүйтэнд ээлж солихыг хүлээлгээд хүүхдүүдийг 30 минутаас нэг цаг гадаа зогсоох нь илт харагдаж буй хүүхдийн эрхийн зөрчил мөн. 

Иймд эдгээр дэгүүдийг цаг агаарын нөхцөл бйадал, хүүхдийг хүндэтгэх нөхцөлтэй уялдуулж уян хатан, хүүхдэд ээлтэй байдлаар зохицуулах ажлыг бүх түвшинд эхлүүлцгээе. 

Тавдугаарт, гэрийн даалгаврыг суралцагчийг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тухайн хүүхдийг дэмжиж, урам өгч, хөгжүүлэх шинэчлэлийг хамтдаа хийцгээе. 

Хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн насанд хүрэгчид бид хүүхдийн ялгаатай байдлыг ойлгож, хүүхдийн эрхийг хамагаалах нэгдсэн ойлголттой байх нь чухал байна. Хүүхдийн гэр бүл, нийгмийн орчинг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд өөр өөрсдийн хариуцсан ажлаа ухамсарлан биелүүлдэг байхыг уриалж байна" гэлээ.