“Энд Хөвсгөл нуураар алдаршсан, томьёолсон юу харагдаж байна. Юу ч байхгүй. Газрын ч зураг ч байхгүй, малгай дээрээ Хөвсгөл нуурын зураг тавьсан хүн ч байхгүй. Албан газрын байранд, аялал жуулчлалын баазад  хүний урамд Хөвсгөл нуурын ганц лоозон ч алга. Энэ  бол Хөвсгөл нуур хүний зүрх сэтгэлд ороогүй байна.”

Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт 25 жил ажилласан Улаан тайгын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх Хөвсгөл нуур хамгааллын асуудалд хэд хэдэн санаа дэвшүүлж байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын даргаар ажилласан юм.

Ж.ТӨМӨРСҮХ: Хөвсгөл нуурыг зөв ашиглах ёстой. Төрийн хөтөлбөр чиглэлийн дагуу аялал жуулчлалын зориулалтаар ашиглах нь зүйтэй. Ингэж байж нутгийн иргэдийн ажлын байр, амьдралын эх үүсвэр бүрдэнэ. 

Би сая Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын ажил хариуцаад нэг сар хэртэй ажиллаж үзлээ. Нэг л зүйл ойлгосон.   

Хөвсгөл нуур бол надтай ч надгүй ч, сайн дарга ч бай муу ч дарга бай савандаа л байна. Харин Хөвсгөл нуурыг хамгаалдаг байгууллагыг Хөвсгөл нуурын төлөө зүрх сэтгэлтэй болгох нь эхний асуудал юм байна. 

Олон дарга цэрэг солигдсоор байгаад учир начираа олохоо байсан, итгэл үнэмшил нь муудсан, арга эвээ олохоо байчихсан байгааг өнгөрсөн нэг сарын хугацаанд ойлголоо. Тийм учраас ийм зорилготой чиглэлтэй нэг баг болж ажиллах ёстой гэсэн байр суурьтай ажлаа эхэлсэн.  

Үүний дараа Хөвсгөл нуурын эргэн тойрон амьдарч байгаа ард иргэддээ Хөвсгөл нуурынхаа төлөө сэтгэл   зүрхтэй, зүтгэлтэй ажиллаж амьдрах  арга эвийг заагаад өгчихвөл нуурыг хамгаалах их том баг, эргийн гарч ирнэ. 

Юунд ч ялан дийлэгдэхгүй, муу муухайг шахдаг шаарддаг ийм баг гарч ирнэ. Ингэж байж Хөвсгөл нуур хамгаалал цааш цаашдаа хүчээ авна. Тийм учраас эхний ээлжид Хөвсгөл нуурын эргээр амьдарч байгаа малчин иргэд, амралтын сахиулуудад нуур хамгааллын итгэлцлийн захидал гардууллаа. 400 гаруй айлтай гэрээ хийлээ. 

Үндсэндээ нуурын эргийн 120 гаруй км газрыг зөвхөн байгаль хамгаалагч биш нутгийн айл, амралтын сахиулууд ажиллаж амьдрангаа хамгаална гэсэн үг. Ингэж чадвал байгаль хамгаалагч тор бариад хог түүхгүй гэсэн үг.

Дараагийн нэг ажил нь ноос угаах, нефтийн үйлдвэрүүд байхад нуурын эргийн моднуудыг унагаснаас хар хар хожуулууд үлдсэн байдаг. Үүнийг нутгийнхан нуурын эргийн модоо тайраад байдаг юм байна гэж амрагчид буруу ойлгодог. 

Эхний ээлжид айл бүхэн 5 хожуул, амралт болгон 10 хожуул аваад цэвэрлэчихье гээд ажлаа эхэлсэн. Сар шинийн битүүний өдөр Мэргэний ар талын хожуулуудыг хяргаж тэгшилж цэвэрлэлээ.  

Хоёр жилийн дотор дуусчих ажил. Ингэж Хөвсгөл нуурыг хамгаалахад хүн бүр жижиг гэлтгүй сэтгэлээрээ оролцох юм бол Хөвсгөл нуур асуудалгүй болно гэж ойлгож байгаа.

Дараагийн том асуудал нь аялал жуулчлалтай холбоотой газар олголт зэрэг асуудал. Наад зах нь аялал жуулчлалын ямар ч ойлголт алга байна.  

Та бүхэн Хатгал руу ороод төв дундуур нь яв, айлд ор, амралтын газар оч. Хөвсгөл нуураар алдаршсан, томьёолсон юу харагдаж байна тэнд. Юу ч байхгүй. Газрын ч зураг ч байхгүй, малгай дээрээ Хөвсгөл нуурын зураг тавьсан хүн ч байхгүй. Албан газрын байранд, аялал жуулчлалын баазад хүний урамд Хөвсгөл нуурын ганц лоозон ч алга. 

Энэ бол Хөвсгөл нуур хүний зүрх сэтгэлд ороогүй байна. Зөвхөн мөнгө хараад байна. Тэгэхээр энэ хүмүүсийн тархи, зүрхэнд нь Хөвсгөл нуурыг оруулж өгөх хэрэгтэй. Ингэж байж хамгаалагдана.

Ханх, Хатгал хоёр бол Хөвсгөлийн, Монголын үүд хот. Энэ хот руу орсон хүн Хөвсгөл нуураар амьсгалдаг, түүнийг мэдэрдэг байх ёстой. Хашааны хаалга, нэр хаягаас нь эхлээд, хүмүүсийнх нь хандлагаас эхлээд Хөвсгөл нуурыг хайрлахгүй, хамгаалахгүй бол болохгүй юм байна, бид алуулж ч мэдэх нь гэж ойлгуулах ёстой. 

Гэтэл нутгийнхан Хөвсгөл нуураа мэддэг ч юм уу, хайрладаг ч юм уу маягтай байна одоо бол. Нийт масс давлагаалж хөдөлж өгөх ёстой. Хөвсгөл нуурын давлагаа, хүний сэтгэл хандлагын давлагаа нийлж байж засч залруулна гэж бодоод байгаа.

Мөсний баярын тухайд хүмүүс зүгээр л тоглож нааддаг, мөсөн урлал үзэж сонирхдог баяр гэж ойлгоод байгаа юм. 

Мөсний баяр гэдэг бол байгалиа хайрлах, Хөвсгөл нуураа хамгаалах баяр. Анх ингэж энэ наадам гарсан. 

Хөвсгөл нуураа хамгаалж хайрлаж шүтэх ёстой юм байна гэдгийг ойлгосон хүн энд хог хаях уу, нуур бохирдуулах уу...