Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн манлайлан, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй "ХУВЬСАЖ БУЙ БОЛОВСРОЛ” (Transforming education) үндэсний хэлэлцүүлгийн оролцогчдын байр суурийг хүргэж байна.


Монголын боловсролын систем хүүхдээ "голдоо" тавьбал дэлхийн оройд гарна

/"Дэлхийн ирээдүй судлал" нийгэмлэгийн гишүүн Ц.Дэмбэрэл/

Бичлэг үзэх:

Боловсролын систем хүүхдийн оюун ухааныг хааж, боож сэтгэлгээг нь нэг хайрцагт оруулж, бүгд ижил сэтгэдэг болгодог тал бий.Энэ нь маш буруу үзэгдэл. Шинэ эрин үед багш, сургуулийн талаарх бүх ойлголт өөрчлөгдсөн.

Асуудал нь Монголын боловсрол өнөөг хүртэл хүүхэд рүүгээ анхаарлаа хандуулаагүй. Барилга байшин, ширээ сандалд ач холбогдол өгсөөр ирсэн. Хүүхдийг гол цөм нь болгоод ирэхээр тус бүр өөрийнхөө авьяас, онцлогоороо ялгарч амжилтад хүрэх боломжтой. 

Хүн болгон дарга болох албагүй. Дарга болж сайхан амьдардаг гэдэг онол хаана ч байхгүй. Хүн хүсвэл малаа маллаад, шавар зуураад, номоо бичээд ч сайхан амьдарч болно. Ер нь хүн өөрийнхөө сонирхсон, чаддаг зүйлээ хийж аз жаргалтай болдог шүү дээ. 

Нийгмээ хөгжүүлье гэвэл хүүхэд тус бүрийн онцлогийг хөгжүүлэх нь чухал. Хүүхдийн оюун ухаан, сэтгэх чадварыг хөгжүүлдэггүй сургууль бол сургууль биш шорон гэж үг бий.

Монгол хүүхдүүд бүгд билэг авьяастай, оюуны өндөр чадамжтай. Тийм учраас боловсролын систем хүүхдүүдээ гол цөм нь болгож чадвал дэлхийн орой дээр гарах бүрэн боломжтой. Суут Эйнштэйн хэлсэн үг шүү. 

Бид дандаа өөрөөсөө бус гаднаас ямар нэг юмыг  эрж хайж байдаг. Найз нөхөд, аав ээж орчин ахуй гээд. Хүний хамгийн сайн нөхөр хүний өөрийн оюун ухаан дотор байдаг зүйл гэдгийн ойлгож ухамсарлах нь чухал. Муу муухай  гэдэг зүйл ч бас ялгаагүй. 

Муу муухай чамайг хорлох зүйл ч бас оюун ухаанд л бий. “Чи тэнэг байгаа бол өөртөө л гомд” гэдэг шүү дээ. Монголыг аврах гол түлхүүр нь монгол хүүхдүүдийн авьяас билэг, оюуны чадамж яах аргагүй мөн.  

Хүүхдийн сурлагын хоцрогдолыг арилгахад аавуудын оролцоо чухал нөлөөтэй

/Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам/

Бичлэг үзэх:


Эцэг эхчүүд хичээлээ хий гээд байдаг. Уг нь манай хүүхэд өнөөдөр ямар зүйлийг шинээр танин мэдэж авсан бэ гэдэг дээр анхаарал хандуулах нь чухал. 

Дараа нь хүүхэдтэйгээ ажиллах тал дээр илүү санаачилгатай байх хэрэгтэй. 

Эцэг эхчүүдийн хүүхдэд үзүүлж буй үлгэр дуурайл, хүүхдэдээ хандаж байгаа хандлага нь хүүхдийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа аавууд хүүхэдтэйгээ ойр дотно харилцах нь өсвөр насны хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжилд эерэгээр нөлөөлж байдаг. 

Эрт унтдаг хүүхдүүдийн танин мэдэхүйн чадвар орой унтдаг хүүхдүүдийнхтэй харьцуулахад илүү гэсэн судалгааны дүгнэлт ч бий. Сургууль дээр явагддаг үйл ажиллагаанд оролцдоггүй хүүхдүүдийн нийгэмшлийн хөгжил нь оролцдог хүүхдүүдийнхээс сул байдаг гэх мэт сонирхолтой үзүүлэлтүүд гарсаар байна.

Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийн 3 шаттай судалгаагаар тогтоохоор ажиллаж байна. Түүнийхээ хоёрдугаар шатны үр дүнг буюу 5 жилийн зайтай хийсэн 2 удаагийн судалгааныхаа үр дүнг харьцуулаад 10-р сард олон нийтэд харьцуулахад бэлэн болно.Тус судалгааны үр дүнгээс эцэг эхчүүд, багш нар, сургуулийн удирдлагууд юун дээр анхаарах шаардлагатай, юу хийх ёстой вэ гэдэг дүгнэлт гаргах боломж бүрдэнэ гэж бид найдаж байна. 


Боловсролын систем хүүхдийн академик мэдлэгийг хэмждэг ч зөөлөн ур чадварыг нь таньж, хөгжүүлж чадахгүй байна

/Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл/

Бичлэг үзэх: 

 

Өмнө нь боловсролын салбарт хийгдэж байсан өөрчлөлтүүд ихэнхдээ эрс шинэчлэл, бүгдийг нь цоо шинээр эхлүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Харин одоогийн энэ өөрчлөлт нь трансформ буюу өөрчлөх шаардлагагүй зүйлийг нь үлдээх эсвэл шаардлагатай зүйлсийг хэрхэн яаж шинэчлэх талаар хэлэлцлээ. 

Мөн 21-р зууны хүүхэд ямар ур чадваруудыг эзэмшиж ямар хүн болж хөгжих ёстой вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж байна. Хамгийн гол нь боловсролын салбарын үр дүн нь хүүхэд дээр гарч буй өөрчлөлтөөр хэмжигддэг.

Монголын хувьд академик мэдлэгийг маш сайн хэмжээд, оношлоод байдаг. Харин зөөлөн ур чадварыг хэмжих, арга хэрэгсэл одоогоор байхгүй хэвээрээ. Тийм ч учраас энэ чадварыг хэмжих арга замыг нэн түрүүнд гаргах нь хэрэгтэй.

Ингэснээр тухайн чадваруудыг эзэмшүүлэхэд гарч байгаа алдаа дутагдлаа засах боломжтой болно.

Бид хамгийн эхэнд хүүхдийн ур чадварыг тодорхойлсны дараа сургууль, эцэг эхийн зүгээс юун дээр түлхүү анхаарах ёстой вэ гэсэн гаргалгааг гаргаж хамтын оролцоотойгоор хүүхдийг хөгжүүлнэ. 

Цар тахлаас үүдэлтэй сурлагын хоцрогдлыг нөхөх, хувьсан өөрчлөгдөж буй нийгэмд ажиллаж амьдрахад чухал ач холбогдолтой чадварууд:

Мета-танин мэдэхүй, 

Суралцахуйд суралцахуй, 

Сэтгэл хөдлөлөө удирдах, 

Аливаа зүйлд зорилго тавьж, тууштай байх, 

Бусдыг ойлгох