Хятадын гэрлээгүй залуу бүсгүйчүүд гэр бүлийн маш их дарамт, шахалттай тулгардаг. Хэрвээ эмэгтэйчүүд 30 наснаасаа өмнө гэрлээгүй бол тэднийг “үлдэгдэл эмэгтэй” гэж нэрийддэг ба тэд дарамт шахалтаас зайлхийхийн тулд элдэв аргыг эрэлхийлдэг. 

Энэ оны 2 дугаар сарын 5-нд тохиож буй Хятадын хамгийн том баяр болох Сар шинийн баяраар зарим нь даргаасаа илүү цагаар ажиллах зөвшөөрөл хүсдэг бол зарим нь хуурамч найз залуугийн эрэлд гардаг аж. 

Сэтгэлийн түгшүүр, санаа зоволтоос үүдэн эмнэлгийг зорих залуучуудын тоо энэ үеэр эрс нэмэгддэг байна.

“Би өнгөрсөн жил гэртээ харихаас эмээгээд очоогүй. Энэ жил очихоос зайлсхийх арга байхгүй” хэмээн 31 настай Эмили Лью гэх хувийн хэвшилд ажилладаг бүсгүй хэлжээ. 

Мөн тэрээр “Манай эцэг эх-Танай ангийн хүүхдүүд аль хэдийн гэрлэчихсэн, хүүхэдтэй болсон. Харин чамд найз залуу ч байхгүй гэж хэлдэг. Гэртээ харихад зөвхөн энэ сэдвээр л ярилцдаг. Тэгээд бас бүх хамаатныг энэ ятгалгандаа дайчилдаг. Үнэхээр дарамттай” хэмээжээ.

Хятадын эдийн засгийн өсөлтийн ачаар өнгөрсөн арван жилд дундад түвшнийнхэн хэдэн саяараа нэмэгдсэн ба олон эмэгтэй эрт гэрлэхийн оронд карьер хөөн, гэрлэхээс зайлсхийдэг, зарим нь бүр огт гэрлэхээ больжээ.

Үүний үр дүнд Хятадад төрөлтийн тоо эрчимтэй багасчээ. Өнгөрсөн жил Хятадад 15.2 сая хүүхэд төрсөн нь өмнөх жилтэй харьцуулахад 2 саяар цөөрсөн гэж статистикийн албаныхан мэдээлсэн байна. Хятадын засгийн газар, хүн амын хөгшрөлт газар авахаас сэрэмжлэн,  хэдэн жилийн өмнөөс нэг хүүхдийн тогтолцоог халсан ба гэр бүлийн өсөлтөд анхаарах болжээ. Гэсэн хэдий ч хүйсийн харьцааны доголдол нэг хүүхдийн тогтолцооны үед бий болсон ба нийт эрчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад 33 саяар илүү байна. Ийм үзүүлэлттэй байхад гэрлээгүй эмэгтэйчүүдийг “үлдэгдэл” хэмээн томьёолдог. 

Компаниуд ч гэсэн эмэгтэйчүүдийг болзуулах зав чөлөө олгохын тулд 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд 8 өдрөөр илүү амралт олгох болсон ба нийт 15 хоногийн амралт эдлэх эрхтэй гэнэ. 

Хэрвээ тэдний хэн нэг нь 2019 оноос өмнө гэрлэлтээ батлуулбал жилийн урамшуулалыг нь хоёр дахин нэмж олгоно хэмээн зарлажээ. Мөн сүүлийн үед эцэг эх нь охиндоо нөхөр сонгодог телевизийн шоунууд олны анхаарлыг татах болсон байна. Эмэгтэйчүүдийн зарим нь үүнийг хүйсээр ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаагаа сошиал медиагаар илэрхийлжээ. Ганц бие эрчүүдэд анхаарлаа хандуулдаггүй ч, эмэгтэйчүүдийг гэрлэлтийн дарамтанд оруулж байгаа нь буруу гэжээ.


Эх сурвалж: https://www.washingtonpost.com