Цар тахлаар олон сая хүн өвчилж, амь насаа алдаж, дэлхий нийтээрээ түгшүүр дунд амьдраад бүтэн жил гаруйг үдэв. Зугтах боломжгүй шинэ хэмнэлдээ ч бид хэдийн дасжээ.

Зарим судлаач цар тахлыг биологийн зэвсэг, захиалгат үйлдэл гэж сэрдэж байгаа бол нөгөө талд байгаль дэлхийдээ хэтэрхий зүй бус харьцсаны шийтгэл хэмээн үзэж буй.

Юм бүхэн хоёр талтай. Хүн төрөлхтнийг тэр чигээр нь хөл хорионд оруулж эдийн засгийн хувьд хүнд цохилтонд оруулсан цар тахлын ард олж харах ёстой, олон эерэг зүйл бий.

Өдөр бүр мэдээллийн хэрэгслээр коронавирусийн сөрөг талуудыг ярьсаар байгаа. Тэгвэл энэ удаад коронавирус бидэнд ямар эерэг зүйл өгсөн талаар хүргэж байна. 

Эдгээрийг дүгнээд үзвэл технологийн дэвшлийг бид тултал ашиглаж болох юм байна, цаашдаа ч энэ салбар хөгжиж дэлхийн хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орох болно. Бид сүйтгэгч биш зөвийг бүтээгч байх хэрэгтэй. Илүү чамирхалаас татгалзаж байгальд ээлтэй дэлхийн иргэдийг төлөвшүүлэх, ан амьтан, байгаль эхтэй зохицон амьдрах чадварт суралцах хэрэгтэй гэдгийг ковид-19 бидэнд ойлгуулжээ. Энэ бүхнийг эргэцүүлэхэд ковид-19 бол хүн төрөлхтөн эх дэлхийтэй зүй бус харьцсаны шийтгэл, бидэнд олон зүйлийг ойлгуулсан "бэлэг" ч юм.   


Ковид-19 бидэнд юуг ойлгуулсан бэ? 


1.Ковид-19 бидэнд технологийн жинхэнэ шилжилтийг авчирч чадлаа

Өмнө нь бид ихэнхи хугацаагаа цахим орчинд өнгөрөөхдөө зөвхөн инстаграм, фэйсбүүк, твиттер гэх харилцааны платформ ашигладаг байсан. Тэгвэл хөл хорионы үеийг ашиглан хүргэлтийн үйлчилгээ хүчээ авч, жинхэнэ технологийн дэвшилийг харуулж байна.  Энэ үед хүргэлтийн хоол, хүргэлтийн үйлчилгээ, хамгийн эрэлттэй байсан төдийгүй "хоол хүргэлт" гэсэн үгийн хайлт хамгийн эрэлттэй буюу 300 хувиар өссөнийг google мэдээлсэн байна. 

Мөн энэ үеэр онлайн худалдааны зах зээлд олон тэрбумтнууд төрсөн. Хүн байгаа газарт зах зээл байгаа гэдгийг нотолж тухайн цаг үед нь тохирсон бизнесийг тэд олж харжээ. Тодруулбал гар ариутгагч, бээлий, болон бусад хэрэгцээт зүлийг цаг алдалгүй хүргэж өгөх үйлчилгээг тренд болгож чадлаа. Энэ төрлийн бизнесүүд улам өргөжинө гэдгийг судлаачид батлаад байгаа. 


2. Зөвхөн оффист сууж ажиллах ёстой гэсэн арга барилаас салж онлайн орчинд ажиллаж, сурах  боломжийг энэ үеэр олж харлаа 

Өдөр бүр оффис руу гүйж, хуруугаа уншуулан цаг бүртгүүлдэг байсан хуучин арга барил аль хэдийн хоцрогдож, дэлхий нийтээрээ дижитал орчинд буюу гэрээсээ ажиллах горимд шилжээд байна. Үүнийг дагаад алсын зайнаас сурч, ажиллахад тохиромжтой zoom, google гэх мэт олон тооны платформууд хүчээ авч, энэ төрлийн апп бүтээх өрсөлдөөн ч эхэлсэн. Тухайлбал, "Zoom"-ийн орлого нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 355 хувиар нэмэгджээ. Энэ шилжилт цаашид ч үргэлжилж амьдралын нэг хэсэг болон үлдэх төлөвтэй байна. 


3. Мэдлэгээ онлайнаар зарах тренд хүчээ авлаа

Та юу чаддаг тэрийгээ онлайнаар заах бүрэн боломжтой гэдгийг ковид-19 бидэнд ойлгууллаа. Заавал оффист очиж суух, түүндээ түрээс төлөх шаардлагагүй. Үйлчүүлэгч суралцагч нар ч цагаа үрж нааш, цааш явахгүй гэр гэрээсээ сурах нь илүү ашигтай төдийгүй хүртээмжтэй. Танхимаар сургалт явуулахад дээд тал нь 20 хүн авдаг гэж бодоход онлайн хэлбэрээр заахад хүний тоо хамаарахгүй, хичнээн олон байсан ч болно. Энэ нь таны өмнө нь олдог байсан орлого хэд дахин нэмэгдэх боломжтой гэсэн үг. Мөн онлайн хичээл танхимын хичээлээс хэд дахин хямд байгаа учраас суралцах хүсэлтэй иргэд ч олон байна. Энэ төрлийн бизнес цаашдаа ч улам хөгжинө. Технологийн ачаар хүндхэн өдрүүдийг хөнгөхөн давж, тэр байтугай бизнесээ томруулж чадсан олон жишээ бий. Жишээ дурьдахад эхний хөл хорионы үеэр Британийн биеийн тамирын багш өглөө бүр 09:00 цагт YouTube сувгаараа дамжуулан гэр бүлүүдэд чийрэгжүүлэх дасгал шууд дамжуулан зааж байв. Түүний суваг эхний хоёр хоногт 5 сая гаруй үзэлттэй болж  600,000 фунт стирлинг олжээ.


4. Хэрэглээгээ танин мэдэж минималист хандлагыг ойлгууллаа

Бүх хүн гэрийн хорионд орсноор ойлгож авсан дараагийн том зүйл бол илүү чамирхал, өмсөж барахгүй олон хувцас, эдлэл хэрэггүй гэдэг зүйл юм.

Өмнө нь нүд гялбасан зар сурталчилгаа, гоё сайхан моделуудын ачаар өмсөж барахгүй олон хувцас, брэнд гэх тодотголтой эдлэл зэргийг шүүлтүүргүй худалдаж авдаг байлаа. Гэвч түүнийгээ шүүгээнийхээ буланд хийгээд мартчихдаг. Танд ч мөн хэзээ худалдаж авснаа санадаггүй, хэзээ ч өмсөж байгаагүй хэрнээ хаяж чаддаггүй хувцас олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл бид хөл хорионд орсноор эдгээр илүү чамирхал хэрэггүй, зөвхөн хэрэглэдэг эдлэлтэй байхад болох юм гэдгийг ойлгож, илүү минимал болж байна. Үүний нөлөөгөөр өнгөрсөн 2020 онд олон улсын тансаг хэрэглээний зах зээл  23 хувиар буурчээ.


5. Эх дэлхийгээ хайрлахыг ухааруулсан цар тахал

"Ковид-19"-ийн бидэнд ойлгуулсан хамгийн том зүйл бол хүн байгалийн эзэн биш. 

Бид дэлхий гэдэг гараг дээр түр ирсэн зочид юм. Дэлхийн жинхэнэ эзэн бол байгаль, нуур далай, ан амьтад байсан аж. Бид эзэн мэт аашилж бүх зүйлийг өөрийнхөө төлөө, зөвхөн хүний шунал, хэрэгцээн дээр тулгуурлаж үйлдвэрлэл явуулж байсан. Энэ үйлдэл байгаль дэлхийг сүйтгэж, ан амьтад устгаж байгааг бид мэдсэн хэрнээ ямар нэгэн арга хэмжээ авч байсангүй. Жишээ дурдхад, бидний дийлдэшгүй хэрэглээний хог хаягдлыг далайд хаяснаар жилд 100 мянган амьтан үхэж, хувцас даавуу, хуванцарын хаягдлууд хөрсийг бохирдуулсаар хэдэнтээ олон зууныг үджээ. 

Хүн төрөлхтөн, ан амьтан бүр өөр өөрийн үүрэгтэйгээр энэ гарагт ирдэг. Ан амьтан байгаль дэлхийн зохист хэмжээг алдагдуулахгүй тус тусын үүрэгтэй бол хүн төрөлхтөн үр удмаа үлдээх үүрэгтэй. Хүн бол сүйтгэгч, ан амьтад бол аврагч энэ хоёр эсрэг туйл нэг гараг дээр оршин байна. 

Бүх хүн хөл хорионд орж, хүний хэрэглээ багассанаар байгаль эх өөрийгөө цэвэрлэж, дэлхийн түүхэнд байгаагүйгээр хүлэмжийн хий багасаж, агаар мандал цэвэршсэн. Ан амьтад эрх дураараа айх зүйлгүй алхалж, далайн амьтад далайдаа эрх дураараа сэлж байна гэх сайхан мэдээлэл гарсаар байгаа. Монгол л гэхэд хотын орчимд цагаан зээрийн сүрэг үзэгдсэн явдал саяхан болсон. Тэд байгаль эхийн гоо үзэсгэлэн, хүчин чадлыг сэргээж дэлхийн эзэн гэдгээ улам баталсаар байна.