Коронавирус бизнес, ресторан, томоохон дэлгүүрүүд, театруудыг хаалгаа барихад хүргэснээр үйлчилгээний салбарын ажилчид дийлэнх нь ажилгүйдэлд өртсөн. Вирусийн улмаас дан ганц үйлчилгээний салбар ч гэлтгүй дэлхий даяар ажилгүйдэл өргөн хүрээг хамарсан юм. Гэсэн ч энэ вирус хэд хэдэн ажлын байрыг бий болгосон гэвэл та итгэх үү?

Үйлчилгээний байгууллагуудад биеийн дулаан хянагч, цаашлаад томоохон газруудад өндөр халуунтай хүнийг шууд түргэвчилсэн оношлуурт оруулах шаардлагатай тулгарах үед түүнийг шинжих шинжээч гээд коронавирус үгүйсэн бол ямар ч хэрэгцээгүй байх ажлын байрууд үүссэн. Мөн хурал цуглаан, хэлэлцээрүүд ч онлайнаар явагдаж байгаа энэ цаг үед тухайн хурлын техникийн доголдолгүй байдлыг хангах ажилчид хүртэл тусгай ажлын байртай болжээ.

Тэгвэл дэлхий дахинаа коронавирусийн улмаас ямар, ямар ажлын байр үүссэн болоод тэд ямар хэмжээний цалин авч байгаатай танилцацгаая.


1. Ковид-19 тест авагч

Эдгээр ажилчид нь эмнэлэг, сувилал, үйлдвэр болоод томоохон оффисуудад нарийвчилсан шинжилгээ авах үүрэгтэй.

Тус ажлын байранд эмч, сувилагч болоод сувилагчийн туслахын үнэмлэхтэй хүмүүс ажиллана. Харин цалингийн хувьд цагийн 45 доллар хүрдэг гэнэ шүү. Гадаад орнуудад хөл хорионы дэглэм суларч байгаагаас улбаалан байгууллага, үйлдвэрүүдэд энэ төрлийн ажлын байр нэмэгдэх хандлага ч байгаа гэнэ.


2. Ковид-19 асрагч

Олон мянган хүн өвдөхийн хэрээр асрагч, сувилагчдын хэрэгцээ улам л нэмэгдэх болсон энэ цаг үед боломжит эрсдэлийг хүлээж ажиллах хүмүүст энэ ажлын байр нээлттэй ажээ. Шаардлага нь гэвэл сувилагч, асрагчийн сургалтад хамрагдаж байсан сертификаттай байхад л болох бөгөөд цалин нь цагийн 25 доллар хүрэх гэнэ.


3. Хавьтал тандагч

Хавьтал тандагч нар нь коронавиурст халдвартай хүнтэй ойрын хугацаанд харилцаанд орсон хүмүүстэй холбогдож, ямар арга хэмжээ авч, хэдийгээр шинжилгээ авах цаг товлодог хүмүүс юм. Энэ ажлыг гэрээсээ ч хийж болох бөгөөд бүтэн болоод хагас цагаар ч ажиллаж болох ажээ. Цалин нь цагийн 25 доллар хүрнэ.


4. Биеийн дулаан хянагч

Онгоцны буудлууд, Спорт орднууд, зоогийн газар, сургууль, байгууллага зэрэг олон хүн цуглаж болох бүх л газарт нэвтрэх хэсэгтээ биеийн дулаан хэмжигч төхөөрөмж болоод түүнийг нь хянагч ажилтантай болжээ. Цагийн хөлс нь 25 доллар.


5. Хууль хэрэгжүүлэгч буюу журам сахиулагч

Томоохон хотууд нь журам сахиулагч болоод тэдэнд туслах ажилчдыг ажлын байраар хангаж байгаа ажээ. Учир нь коронавирусийн үед улсаас тогтоосон журам болоод хүн хоорондын зайг баримтлахыг шаардахад илт эсэргүүцэл үзүүлэх хүмүүс байгаа болохоор энэхүү ажлын байр үүссэн гэнэ. Цалингийн хувьд цагийн 30 хүртэлх доллараар цалинжина.


6. Тусгаарлагч хавтан суурилуулагч

Бизнесийн байгууллагууд, сургуулиуд нь сурагчид болоод ажилчид, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд тунгалаг тусгаарлагч тунгалаг хавтан суурилуулах шаардлагатай болсон. Үүний үр дүнд тэдгээрийг чанартай хийгээд аюулгүй суурилуулах хүмүүсийн эрэлт ч ихэссэн юм. Хөлсний хэмжээ нь цагийн 20 доллар.


7. Амны хаалт үйлдвэрлэгч

Хэдий вакцинд хамрагдсан ч амны хаалтын хэрэглээ ойрын хэдэн жилдээ буурахгүй гэж судлаачид үзэж байгаа. Үүнээс улбаалан хүмүүс амны хаалтын үйлдвэрлэл, загвараар мөнгө олж болохыг ухаарч байгаа бөгөөд цаашлаад компаниуд ажилчдаа өөрсдийн лого тэмдэг бүхий амны хаалт зүүхийг хүсэх, спортын арга хэмжээнүүдэд дэмждэг багийнхаа логотой амны хаалт зүүх нь нийтлэг үзэгдэл болж болох гэнэ. Харин тэдний орлого цагийн 18 доллар байх гэнэ шүү.


8. Цахим хурлын техникч

Багш нар хичээлээ цахимаар орж, эмч нар үзлэгээ дэлгэцээр хийж байгаа энэ үед цахим хурлуудын асуудалгүй, техникийн доголдолгүй байдлыг хангах ажилчдын эрэлт нэмэгджээ. Энэхүү ажлын байр нь цагт 25 доллар санал болгох гэнэ.


Эх сурвалж: CNBC