НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109.6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Нийслэлд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байна.

Улаанбаатар хотод 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа. 100 жилд нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн /хотын нийт хүн амын 2.23 хувь нь өртөж болзошгүй байна" гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр "Нийслэлийн төвийн 6-н дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувагт хаврын шар усны болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад 4 далан халиа үүссэн, 6 далан хог хаягдал ихтэй, мөн далан сувгийн зэргэлдээ орших айл өрхүүд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг, хамгаалалтын зурвас зөрчиж газар олголт хийгдсэн, хашаа хайс, автозасварын ям барьсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээг байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан зэрэг нийт 60 гаруй зөрчил дутагдал илэрлээ. 

Иймд улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг 1 иргэнд, 3 ААН-д мэдэгдэх хуудас өгч, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах үүрэг хүргүүлж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж, ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн онцгой комиссоос хөрсний ус нэвчиж байгаа барилгуудыг эрх бүхий газарт нарийвчилсан шинжилгээ хийлгэж дүнг үндэслэн хөрсний ус нэвчүүлэхгүй арга хэмжээг шат дараалан хийлгэж хяналт тавьж байна" хэмээлээ.


Эх сурвалж: НМХГ