Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар хаалттай мэдээлэл хийсэн билээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл хийлээ. Тэрбээр уг хэрэгт нэр нөлөө бүхий улс төрчид байгаа хэмээн үзэж байгаагаа нуусангүй.

Бичлэг үзэх:

"Сүүлийн жилүүдэд МАНАН мафийн сүлжээ хар тамхины наймаагаар илэрлээ. Бүр консулын орлогч буюу дээд тушаалтай дипломатч олон улсын сүлжээний, мэргэжлийн гэмт хэргийн бүлэглэлд багтсан нь нотлогдчихлоо. Энэ үед Монголын төр нэрээ цэвэрлэж авах ёстой. Маш яаралтай хариуцлагын асуудал яригдах ёстой. Хар тамхинд холбогдсон хүмүүсийг томилуулсан, тэдэнтэй холбоотой ард байгаа бүх асуудлыг яаралтай ил тод болгож ард түмэндээ мэдээлэх шаардлагатай. Ингэж байж Монгол Улс хар тамхины наймаа хийдэг мафитай төр биш гэсэн баталгаа гаргана. Тийм учраас бид энэ асуудлыг чуулганы хуралдаанаар нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

Намайг Гадаад хэргийн сайд байхад нэг ч тохиолдол илрээгүй. Өмнө нь тамхины наймаа гэх сүлжээнд манай дипломатчид холбогдож байсан. Намайг ажиллаж байхад дипломат төлөөлөгч нарын нийгмийн асуудал маш хүнд байсан учраас хангамжийг нь сайжруулах арга хэмжээ авсан. Энэ ч зөв алхам болсон юм. Гэвч томилгоо гэх мэт энэ бүх асуудал бүлэглэлийн эрх мэдэлд шилжчихсэн.

Бидний үед ийм гэмт хэрэгт холбогдсон дипломатчдад анхнаасаа хатуу хариуцлага тооцдог байлаа. Харамсалтай өмнө нь тамхины хэрэгт орооцолдож байсан хүмүүсийг дахин дипломат албанд томилж ирсний гай энэ. Энэ дотор одоо баригдсан нөхөд ч орсон. Үүний цаана асар том сүлжээ байгаа"