"Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Хуралтай холбогдуулан 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлд нээлттэй ил захидал илгээн, мэдээлэл хийлээ.

Хурал маргааш 10 цагаас Төр засгийн үйлчилгээний Элит төв дээр болно. Тус холбооны зүгээс 1072 хувьцаа эзэмшигч нарыг энэ хуралд оролцож хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэхийг, яагаад ногдол ашиг тараахгүй болсон тухай нь тайлбар авах ёстой. Тиймээс компанийн үйл ажиллагаанд иргэд эзний ёсоор идэвхтэй, сэтгэлтэй хандахыг уриалсан юм.  

Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий ТУЗ-ийн бүрэн бүрэлдэхүүнд хариуцлага тооцохыг шаардлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтааж, ногдол ашиг хуваарилах үүрэг даалгаврыг өгсөн ч биелүүлээгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үл тоосон, ногдол ашгийг үндэслэлгүйгээр бууруулсан, санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ гарган, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах ёстой байсан ч танилцуулаагүй, 2 дугаар сард хуралдаж нууц тогтоол гаргаж түүнийгээ хувьцаа эзэмшигч нартаа танилцуулаагүй нь хариуцлага тооцох хангалттай шалтгаан гэв.

Энэ талаар н 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар:

ЭТТ компанийн үргүй зардлыг бууруулж, нүүрсний үнийг өсгөх замаар нэг хүнд дор хаяж 400 мянган төгрөгөөр ногдол ашгийг нэмэгдүүлэх боломжтой тооцоо, судалгааг гаргаад байна. Энэ тооцоог манай холбооны Удирдах зөвлөлд мэргэжлээрээ 10-15 жил ажилласан геологич, эдийн засагч нарын мэргэшсэн баг гаргасан. Бид тооцоо судалгаа хийхэд 2019 оны төсвийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна. Тиймээс маргааш болох хуралдаа идэвхтэй оролцохыг уриалмаар байна" гэлээ.