Б.Болормаа
02 сарын 10, 2021
Уул уурхайн инженер, эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр “Монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэрэг” сэдэвтэй хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх 270 км төмөр замын бүтээн байгуулалтыг 10 жилийн өмнө гацааснаас асар их хохирол учирсан гэдгийг онцоллоо.
"Тухайн үед буюу 2010 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга эрх мэдлийн хүрээнд уг бүтээн байгуулалтыг гацаасан. Үүнийг гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд үүнээс үүдэн 10 тэрбум долларын бодит хохирол амссан. Энэ төмөр зам баригдаагүйгээс нийгэм, эдийн засгийн асар их хохирол гарсан. "Энержи Ресурс" компани 2010 онд уг төмөр замыг 698.8 сая доллараар барихаар төлөвлөж байсан ба 2013 оны нэгдүгээр сарын 01-нд ашиглалтанд оруулах байсан. Харин өнөөдөр уг төмөр замын өртөг 1 тэрбум 281 сая доллар болсон байна" хэмээлээ.
Түүний мэдээллээс онцлон хүргэж байна.
Эдийн засгийн хор хохирол
Л.Наранбаатар "2013-2020 оны хооронд Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, жижиг Тавантолгой компаниуд нийт 115.369 мянган тонн нүүрсийг автотээврээр Тавантолгойгоос Гашуунсухайт руу тээвэрлэсэн байна. Үүний нийт зардал нь 3.254.898 мянган доллар болсон. Энэ бол санхүүгийн тайлангаар гарч байгаа төмөр замгүйгээс үүдсэн алдагдал юм.
Үүнээс гадна нийт 115.369 мянган тонн нүүрсийг 70 хувь нь хятад эзэнтэй компани тээвэрлэсэн байгаа. Эндээс дор хаяж 2 тэрбум доллар нь төмөр зам бариагүйгээс болж хятад тээвэрлэгчдийн халаасанд орсон байна.
Эрдэнэс Таван толгой компани сүүлийн долоон жилийн хугацаанд 65 сая тонн нүүрс л олборлож түүхийгээр нь хямдхан зарсан. Хэрвээ 2013 онд төмөр зам баригдсан бол жилийн 30 сая тонн нүүрс олборлох боломжтой байсан ба өнөөдөр 200 сая тонн нүүрс олборлож 10 тэрбум долларыг Монгол улсын Засгийн газарт өгөх байжээ.
Эдийн засгийн тооцоо судалгаагаар харахад нүүрс тээвэрлэлтээр 2013 оноос хойш 200 сая тонн нүүрс олборлож 17.442 сая долларын борлуулалтын орлого олох бололцоотой байсан. Үүнээс 14 тэрбум экспортын орлого алдсан байна. Хэрэв энэ экспорт хийгдсэн бол өнөөдөр долларын ханш 1500 төгрөг байх байсан.
Эрдэнэс таван толгой компанийн алдагдсан боломж Засгийн газрын ногдол ашиг 6.306 сая доллар, Улсад төлөх татвар 3.715 сая доллар нийлээд 10 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Хэрэв энэ боломж бүрдсэн бол өнөөдөр өрх бүрт 32 сая төгрөг оногдох эсвэл гэр хорооллын 250 мянган өрхийг орон сууцжуулах бүрэн боломжтой байжээ.
Нийгмийн хор хохирол
2018 онд Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “Таван толгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” судалгаагаар 2010-2018 онд авто замын ослоор 50 гаруй хүн нас барж, жилд 1500 гаруй хүн ослын улмаас бэртэж гэмтдэг байна. Мөн энэ чиглэлийн авто тээврийн зам дагуу хулгай дээрэм, аллага залилан, биеэ үнэлэлт, архидалт, хар тамхи зэрэг гэмт хэргүүд бүртгэгдэж эхэлсэн байна. 1 сая тонн нүүрс гаргахын тулд 2 хүн үхэж байна. Ийм хэмжээний нийгмийн гамшиг бий болчихоод байна" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.