Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид Токио 2020 олимпын наадамд амжилттай оролцож байгаа билээ. Тус багийн эзэд нь Ц.Батбаяр, эдийн засагч Л.Наранбаатар, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нар ажээ. 

Эздийн нэг Л.Наранбаатар цахим орчинд өрнөөд буй Монголын сагсан бөмбөгийн охидын шигшээ багийн сонгон шалгаруулалтын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр олимпод оролцох тамирчдын сонгон шалгаруулалт шударга явагдсан гэдгийг онцлоод тамирчдыг талцуулж, хэл амны бай болгохгүй байхыг хүссэн байна.

Л.Наранбаатар:

“Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ хоёр бол “Улаанбаатар Амазонс” багийн маань тамирчид миний хайртай дүү нарын нь нэг. Багийн эздийн нэгийн хувьд олимпд оролцож чадаагүйд нь хамгийн их харамсаж байна.Хэрүүл зарга хийвэл Улаанбаатар Амазонсын эзэд бид дөрөв л их хэрүүл гомдол тавих байлаа.Нутаг нуга гэвэл Г.Дамдинням бид хоёр бас лобби хийж болно. Гэхдээ жалга дов, нутаг найзын явдал энд хамаагүй Монгол Улсын эрх ашиг эхэнд байх ёстой. Бэртэл гэмтэл сүүлийн сорилт тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт бэлтгэлийн ирц бол статистик. Тиймээс холбоо зөв шийдсэн гэж үзэж байна. Шийдвэр бол шийдвэр. Бид нэг улс – нэг баг. Дүү нарыг турхирч, биднийг нэг биш нэгдмэл биш байлгах гэсэн хэн нэгэн атаархагч, хорсогчдын бай болгож болохгүй. 3х3 хөгжиж байна, дараагийн залгамж халаа үе биднийг харж байгаа. Дэлхийн өрсөлдөгчид ч харж байгаа”.  

Мөн яагаад сонгогдож чадаагүй шалтгааныг  Монголын 3х3 үндэсний шигшээ сагсан бөмбөгийн холбооны үндэсний шигшээ багийн тоглогчдыг шалгаруулах хурлыг проткол дээр үндэслэн ийнхүү тайлбарлажээ.

Г.Ганзулын хувьд нийт 809 бэлтгэлийн 301-т нь 100 хувь ачаалал авч оролцсон. Ингэхдээ сүүлийн буюу 4 дэх цугларалтад 100 хувь ачаалал огт авч чадаагүй. Ер нь цугларалтуудад бэртэл эмчилгээнээс болоод ачаалал авч чадаагүй. Сүүлийн Пойтерсийн дэлхийн гранприд оролцуулах нэрийг өгсөн боловч Майхан толгойд гарсан бэлтгэлд нуруу нь татсаны улмаас оролцож чадаагүй нь муу мэдээ болж байна. 

Б.Болор-Эрдэнийн хувьд 100 хувь ачаалал авч бэлтгэл хийсэн тоо 657 буюу 81 хувь гэхдээ бэлтгэлд ирж байсан ирцийн мэдээ бараг 93 хувь байгаа гэжээ.

Ч.Бямбахажид