Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, “Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталсан.

Тархалтын түвшинг улаан, улбар шар, шар, ногоон гэсэн дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Манай улс ирэх мягмар гарагаас шар түвшинд шилжинэ. 

Шар түвшинд - Зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн болон зөөвөрлөгдсөн тохиолдол нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоогүй байх. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Нэг хаалга-нэг шинжилгээ" амжилттай үргэлжилж, дуусах шатандаа орлоо. Иргэд маань маш идэвхитэй хамрагдаж, төр засагтайгаа хамтарч ажиллаж чадсан нь хамгийн чухал үр дүн байв. Бид 411 мянган сорьц авна гэж анх төлөвлөж байсан бол өнөөдрийн байдлаар 461 мянгад хүрчээ. 

Дүүрэг, хороо тус бүрийн шинжилгээний нарийвчилсан дүн, мэдээ болон УОК, Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын халдварын зэрэглэлийг өндөр эрсдэлтэй буюу "УЛААН" өнгөөс  “ШАР” өнгө болгон бууруулах тогтоолыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж баталлаа. 

Ингэснээр шинэ, идэвхитэй, эрүүл амьдралын хэв маяг руу Монгол Улс шилжин орж байна. 

Төлөвлөгөөний дагуу нөгөөдрөөс хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулах ажил эхэлнэ. Үүнд ч гэсэн иргэд маань ухамсартай хандаж, идэвхитэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна" хэмээлээ.