Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр гарсан шийдвэрүүдийн талаар ярилаа.

Тэрээр "Нийслэл Улаанбаатар хотоос жил бүр улсын төсөвт 420 тэрбум төгрөгийг хуримтлуулдаг. Иймээс үүнтэй нь дүйцэх мөнгийг хөрөнгө оруулалт болгон өгөхөөр болж байна. Метро болон бусад нийтийн тээврийн төрлүүдийг шийдэх санхүүгийн хэлэлцээр хийх эрхийг нийслэлийн тамгын газарт шилжүүлж байна.

Санхүүгийнхээ схемийг 30 хоногийн дотор танилцуулах ёстой. Их тойруугийн хурдны зам тавигдана. үүнтэй холбоотой санхүүгийн эрхийг нийслэлд өгч байна.

Мөн олон жил газрын гүн дэх ертөнцөд санхүүжилт гаргаагүйгээс болж Улаанбаатар шөрмөс нь татсан хүн шиг болж төвийн бүсийн газруудын үнэ тэнгэрт хадсан. Иймд тавдугаар цахилгаан станцыг барих нь зөв. Төрийн зарим байгууллагууд хотоос үе шаттайгаар гарах хэрэгтэй.

Богд хаан төмөр зам буюу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт өнөөдрөөс эхэлж байна. Хөшигийн хөндийд 200-300 мянган хүн гарна. Шинэ хотод нэг ч гэр хороолол байх ёсгүй, эко хот байх ёстой" гэв.