Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) болон Дэ Нэйче Консерванси байгууллага хамтран орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгаль орчин буюу газар нутаг, цэвэр усны нөөцийг хамгаалах тогтвортой санхүүгийн хэрэгсэл болох “Байгаль Хамгааллын Байнгын Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн үе шатыг танилцуулах зөвлөлдөх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хэрэглээ-ашиглалтын өсөлт,  газрын доройтол, усны бохирдол зэргээс шалтгаалан байгалийн нөөц хомсдож, хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлтээс экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж, улс орон бүр байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг тогтвортой хөгжлийн зорилтод үндэслэн нэгдмэл зохицуулалтаар хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх явдлыг хойшлуулшгүй зорилт болгон хээрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна.

Манай орны нийт газар нутгийн 76.9 хувь цөлжилтөд өртөж, үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 23.3 хувийг эзэлж байна. Доройтолд нөлөөлж буй хүчин зүйлийг судлан үзэхэд 49%-ийг хүний болон малын тоо толгой, 51%-ийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй гэж судлаачид тодорхойлсон байдаг. 

Түүнчлэн уул уурхай, хөдөө орон нутгийн зам, байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг нь сөрөг нөлөө үзүүлж байна.

Цаашид эдгээр асуудлыг оновчтой цогц байдлаар шийдвэрлэхгүй бол нөхцөл байдал улам дордох хандлагатай байна. Иймд дээрх бодит нөхцөл байдалтай уялдуулан байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн механизмыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг хэлэлцүүлгийн үеэр

“Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн санаачилгыг хэрэгжүүлэхээр хамтран манлайлж оролцож байгаадаа таатай байна” гээд “Энэхүү хөтөлбөр нь монгол орны байгаль хамгааллын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүд, байгаль орчны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц өгөх чухал боломж юм. БОАЖЯ болон Дэ Нэйче Консерванси байгууллага нь 2024 он гэхэд Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 8 сарын 24-ны өдөр  байгуулсан. Энэхүү хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлэх санаачилгыг гаргаж, дэмжин ажиллаж буй бүхий л талууддаа БОАЖЯ-ны зүгээс талархал илэрхийлэхийн сацуу, БОАЖЯ цаашид ч манлайлан оролцох болно” гэдгийг цохон тэмдэглээд, уг  хөтөлбөрийг амжилттайгаар хэрэгжүүлж эхлэхэд та бүхнийг нягт хамтран ажиллахыг хүсэж байна” хэмээсэн юм.

Энэхүү хөтөлбөр нь байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгохоос гадна орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй байх асуудлыг чухалчилдаг ба засгийн газар, малчид, орон нутгийн иргэд, санхүүжүүлэгчид болон бусад түншүүдийг хамтын ажиллагааг нэгтгэхэд чиглэгдсэн, байгаль хамгааллын санхүүжилтийн шинэлэг механизм юм. Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийг зохих ёсоор хамгаалж чаддаг. Учир нь тус хөтөлбөр нь орон нутгийн иргэдийн оролцоог хангасан, үндэсний хэмжээнд дэмжигдсэн, тогтвортой санхүүжилттэй, өндөр хариуцлагын хүрээнд явагддаг байна.

“Байгаль хамгааллын байнгын санхүүжилт хөтөлбөр нь дэлхий даяар 120 гаруй сая га газар нутаг, цэнгэг ус, далай тэнгисийг хамгаалж чадсан үр дүнтэй механизм болох нь батлагдсан” гэж Дэ Нэйче Консерванси байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах онцолсон юм.

Тэрээр “Энэхүү хөтөлбөр нь манай улсын нутаг дэвсгэрийн 30 хувийг хамгаалж, тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулахаас гадна байгаль хамгаалах үйлсэд нутгийн иргэдийг татан оролцуулж тэдний тогтвортой амьжиргааг дэмжих юм. Өнөөдөр бид энд хамтдаа бодлогын гол асуудлуудыг хэлэлцэж, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбогдох оролцогч талуудын үүрэг оролцоо, хариуцлагыг тодорхой болгохыг зорьж байна” хэмээсэн юм.

Зөвлөгөөнд байгаль орчны салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, орон нутгийн байгаль хамгаалагчид, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, орчны бүсийн төлөөлөл болон бусад холбогдох талууд зэрэг 150 гаруй оролцогчид оролцож байна. 

Зөвлөгөөнөөр Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх Суурь нөхцөл байдлын судалгааны үр дүн, хөтөлбөрийн хамрах хүрээ, нарийвчилсан зорилт, цаашид хэрэгжүүлэх тогтвортой санхүүжилтийн механизмын талаар оролцогчид харилцан санал солилцсон юм.

Дэ Нэйче Консерванси байгууллагын тухай:  Дэ Нэйче Консерванси байгууллага нь дэлхийн газар, цэнгэг ус, далай тэнгисийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Тус байгууллага нь 1951 онд байгуулагдсан бөгөөд АНУ-д төвтэй, 79 улс орон, муж нутагт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг. Дэ Нэйче Консерванси Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.nature.org/ сайтаас авна уу.