FIBA “3-ын эсрэг 3” Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг манай улсын тамирчид анх удаа аваад байгаа. Энэ талаар өнөөдөр "Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо"-ноос мэдээлэл хийлээ.  

2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг 3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна "3-ын эсрэг 3" сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг нийт 15 орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 27-ны өдрийн 11:00 цагаас Crocus Event Hall-д эхлэх бөгөөд дэлхийн 144 оронд шууд дамжуулан үзүүлэх юм байна.