УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "2018 оны сүүлчээс эхлээд бидний маш их ярьж буй зүйл юу вэ гэхээр иргэддээ газрын доорх баялгийг тэнцвэртэй, тэгш хуваарилалтыг хийхийн төлөө олигархуудтай тэмцье гэдэг том асуудал байна. Гэтэл одоо дахиад татварыг нь 2.5 хувь болгож, 5 жилээр сунгах гээд буй нь бидний өмнөө тавиад байгаа зорилтын эсрэг байна. Бид байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг иргэддээ татвараар л хүргэнэ. Өөр боломжгүй.

Тэгэхээр яагаад 2.5 болгох гэж буй юм бэ гэхээр төгрөгийн ханшаа тогтвортой болгож, валютын эх үүсвэрээ би болгох гэж байгаа юм л гэж хэлдэг. Гэтэл 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс алтны татварыг 2.5 хувь болгосон. Тэглээ гээд 2014 оноос хойш Монгол банкинд байх алтны татварын нөөц сүүлийн 10 жилийн хэмжээнд хамгийн доод цэгтээ хүртлээ унасан. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ханш унаж, тухайн үед 1400 төгрөг байсан доллар одоо 2600 гарчихсан. Ингээд харьцуулаад үзэх юм бол яг энэ 5 жилийн хугацаанд татварыг 2.5 хувь болгож бууруулснаар валютын үнэ ч нэмэгдээгүй, төгрөгийн ханш ч чангараагүй.

Тэгэхээр энэ 2.5 хувийг 5 жилээр сунгах биш, байгалийн тэгш хуваарилалтыг иргэддээ хүргэх нөхцлийг бүрдүүлэх талаасаа татвар дээр анхаарах хэрэгтэй" гэлээ.