Багаасаа явахаа мэдэгдээд байсан Кармэло Энтониг авахаар багийн удирдлагуудаа ятгаж буй хэд хэдэн тоглогч бий. Эхнийх нь мэдээж сайн найз ЛэБрон Жэймс. Тэгвэл энэ зун багтайгаа 160 саяын шинэ гэрээ үзэглээд байсан Хьюстон Рокэтсийн холбон тоглогч Крис Пол мөн найзыгаа авч ирэхээр багийн удирдлагуудтайгаа ярилцаад эхэлсэн талаар Yahoo Sports мэдэгдлээ.

Пол Жорж болон Жэрами Грант нарыг авч үлдсэн Тандэр багийн хувьд Мэло багт нь байсан тохиолдолд цалин татварт 300 сая доллар зарлагадах бол хэрвээ Мэло явбал даруй 100 сая ам.доллар хэмнэх аж. Тиймээс өнгөрсөн улиралд амжилтанд хүрээгүй их гурвын нэг хэсэг болох Мэло багаас явах шийдвэрт хүрээд байсан юм.

Мэло өнгөрсөн улиралд 16.2 оноо, 15 шидэлтийн оролдлого, 1.3 ашигтай дамжуулалтыг 32.1 минутад дунджилсан нь замналынх нь хамгийн тааруу үзүүлэлтүүд болсон билээ. Мөн тэрбээр өнгөрсөн улиралд бүх оддын тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн нь 2008-2009 оноос хойш анхны тохиолдол болсон юм. Гэхдээ Мэло 169 холын зайн шидэлтийг улирлын турш амжилттай болгосон нь замналын дээд амжилт болж бүртгэгдсэн.

Ингээд плэй оффт цувралын сүүлийн тоглолтод ердөө 26 минут тоглож, дөрөвдүгээр үед гуравхан минут талбайд гаргасных нь дараа өөрийнхөө рольд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд байсан билээ.

Эх сурвалж: SPS