Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар болох Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан өнөөдөр өглөө Төрийн ордны Их танхимд эхэлнэ.

Нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож багш нартай санал бодлоо солилцох юм.

Зөвлөгөөнд улсын хэмжээний нийт 84 МСҮТ, Политехник коллежийн 2469 багшийг төлөөлж хот хөдөөгөөс 600 багш, төрийн болон төрийн бус байгууллага, ажил олгогч, хамтран ажилладаг мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагын төлөөлөл 200, нийт 800 зочид төлөөлөгч оролцох юм.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын багш нарын анхдугаар зөвлөгөөн салбартаа хийх шинэчлэлийг нь дэмжиж, ур чадвартай үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилготой юм.

Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10% болгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлэгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна.